Соёлын өвийн объектуудыг аврах талаар яаралтай арга хэмжээ авахыг Нобелийн шагналт таван хүн уриалав. Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр тэдний уриалгыг баталсан байна. Мөргөлдөөний бүсүүд дэх соёлын үнэт зүйлсийг хамгаалахын тулд 100 сая долларын сан байгуулах шийдвэр уг уулзалтаас гарчээ. Франц улс тус санд 30 сая долларын хөрөнгө оруулахаар болсон байна. Шинэ сангийн хөрөнгийг соёлын объектуудыг хамгаалах, тээвэрлэх, сэргээн засахад зориулах аж.
“Исламын улс” бүлэглэлийн ажиллагааны улмаас сүүлийн жилүүдэд Сири, Мали, Ирак дахь түүхэн дурсгалт объектуудад ихээхэн хохирол учирч, Сири, Йемен дэх эртний байгууламжууд их бууны болон пуужингийн халдлагад өртжээ.
Нөгөөтэйгүүр, байгалийн үзэгдэл, экологийн асуудлууд соёлын үнэт зүйлсэд заналхийлсээр байна. “Бидний түүхийн нэг хэсэг нэгэнт устаж үгүй болсон. Хэт даврагч үзэлтнүүд бидний ирээдүйдээ итгэх итгэлийг үгүй хийхийг эрмэлзэж байна” гэж Мьянмарын удирдагч Аун Сан Су Чи, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, Либерийн Ерөнхийлөгч Элен Жонсон-Серлиф, зохиолч Орхан Памук, Марио Варгас Льоса нарын гарын үсэг зурсан мэдэгдэлд дурджээ. НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагад бүртгэлтэй, соёлын өв болсон 1052 объектын 55-д нь устах аюул нүүрлэсэн аж.