БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэг эсэргүүцсэн зургаа дахь жагсаал Сөүлд боллоо. Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд 2.3 сая хүн оролцож, дээд амжилт тогтоосон байна. Өнгөрсөн долоо хоногт болсон тав дахь эсэргүүцлийн жагсаалд 1.9 сая хүн оролцож, рекорд тогтоож байв.
Иргэний хөдөлгөөнийхөн цаг тутамд оролцогчдын тоог мэдээлж байсан бөгөөд иргэд ихэд бухимдаж байгаагаа илэрхийлж байлаа. 48 настай гэрийн эзэгтэй Ко "Хэрвээ би бухимдаагүй бол энд ирэхгүй байсан юм" гэж ярьж байгаа нь үүний илрэл юм. Ерөнхийлөгч Пак Гын Хэ гурав дахь удаагаа ард түмнээсээ уучлалт гуйж, үндэсний ассэмблейн ямар ч шийдвэр гаргасан түүнийг дагах болно гэж мэдэгдсэн нь ард түмний сэтгэлийг тайвшруулах шалтгаан болсонгүй. Харин ч сүүлийн үед түүний болон туслахуудын талаар мэдээлэл иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байгааг энэ жагсаал харууллаа гэж шинжээчид дүгнэж буй.
Иргэн Ко шиг бодолтой хүмүүс олон байв. "Бүх хүмүүс үнэнийг мэдчихсэн. Ерөнхийлөгчийн дөрөв дэхээ уучлалт гуйхыг нь сонсмооргүй байна" гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ.
Зохион байгуулагчдын мэдэгдэж буйгаар Сөүл хот орчимд орой 22.00 цагийн орчимд 1.7 сая хүн жагссан бололтой. Харин Бусан, Куанжү, Тэгү, Тэжон, Чэжү орчимд 600 мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн гэнэ. Сонирхуулахад, Сөүлийн дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт жагсагчдыг ерөнхийлөгчийн ордоноос 200 метрийн зайд эсэргүүцэл зарлахыг зөвшөөрсөн бол энэ долоо хоногт 100 метрийн зайнаас эсэргүүцэл хийхийг зөвшөөрсөн юм.
Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах эсэх асуудлыг олонхийн саналаар шийдэх болсон бөгөөд энэ сарын 9-нд санал хураах аж.