АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газрыг "Washington Post" сонин хамгийн баянаар өргөмжлөв. Ноён Трамп өөрөө 3.7 тэрбум "ногоон"-ы хөрөнгөтэй нэгэн. Тэгвэл Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг баячуудаар бүрдүүлж байгаа гэж тус сонин онцоллоо. Тодруулбал, худалдаа хариуцсан нарийн бичгийн даргаар Уилбор Россыг сонгож буй аж. Тэрбээр 2.5 тэрбум долларын хөрөнгөтэй гэдгээрээ дэлхийн 400 баячуудын жагсаалтад 232-т жагсдаг.
Түүнчлэн төрийн сангийн нарийн бичгийн даргаар Стивен Мунчменийг томилохоор болов. Энэ эр амжилттай бизнесээ сүүлийн үед Холливудын ертөнцөд үргэлжлүүлж байгаа эр. Тэрбээр "Gravity", "The Lego Movie", "Magic Mike XXL" зэрэг олон киног ивээн тэтгэсэн юм. Түүний хөрөнгийг ойролцоогоор 40 сая доллар гэж үздэг.
Трампын сонгуулийн ажилд хамгийн үнэтэй хувь нэмрээ оруулсан тэрбумтан бол Тодд Рикеттс. "Чикаго Кабс" багийн эзэн Тодд 1.73 тэрбум долларын хөрөнгөтэй. Түүнийг нарийн бичгийн даргын орлогчоор томилно гэж таамаглаж байна.
Боловсролын салбарыг Беци Девос хэмээх эмэгтэйд атгуулах бололтой. Түүний гэр бүлийн нийт хөрөнгө нь 5.1 тэрбумд хүрдэг. Түүний хадам эцэг Ричард Девос дэлхийн 88 дахь баян хүн юм.