Ихэнх орон хэт олон хоригдлоо багтааж шингээх гэж ядаж байхад нидерландчууд хоригдол хайхад хүрчээ. Хорих хүнгүй болсон учир сүүлийн хэдэн жил тус улсын эрх баригчид 19 шоронгоо хаахаас өөр аргагүй болсон бөгөөд ирэх онд нэмж нэлээдийнх нь үүдийг барих гэж байна. Яагаад ийм байдал үүсэв, үүнд муу нь юу байх билээ? Шарсан сонгины үнэр төмөр шатаар өгсөж, хорих өрөөнүүдийн дундах хонгилоор хөвнө. Доор гал зууханд хоригдлууд хоолоо бэлтгэж буй аж. Тэдний нэг нь арзгар шүдтэй хутгаар ногоог сурамгай нь аргагүй хэрчинэ. “Илүү чадварлаг болох зургаан жил надад бий. Тиймээс би бэлтгэж л байна” гэж тэрбээр ярив.
“Урт ган гинжинд бэхэлсэн хутгыг тэндээс авч явах боломжгүй. Хоригдолд хэрэгтэй болбол биеийн байцаалтаа тавиад гал тогооны жижиг хутга авч болдог” гэж Нидерландын зүүн хойд нутаг дахь чанга дэглэмтэй “Норгерхавен” шоронгийн орлогч дарга Ян Рулоф ван дер Спол ярилаа.
Хутгатай хоригдол бий гэхээр айдас төрж байж болох юм. Гэвч хоол хийж сурч буй нь хоригдлууд шоронгоос гарахдаа мэргэжилтэй болоход туслах аргуудын нэг аж.
“Манай улсад хоригдол нэг бүртэй тулж ажилладаг. Мансуурдаг нэгэнд нь зуршлаасаа ангижрахад нь тусалдаг. Хэрцгий түрэмгийд нь тусгай эмчилгээ, мөнгөний асуудалтайд нь санхүүгийн зөвлөгөө өгдөг. Гэмт хэрэг үйлдэхэд хүргэж буй, байж болох бүх шалтгааныг арилгахыг бид хичээдэг. Мэдээжийн хэрэг, хоригдол өөрөө өөрчлөгдөхийг хүсэх ёстой. Бидний арга барил үр өгөөжтэй болох нь нотлогдсон. 10 жилийн хугацаанд бид ихээхэн амжилтад хүрсэн бөгөөд улам боловсронгуй болгож байна” гэж ван дер Спол тайлбарлажээ. Шоронгийнхны хэллэгээр “цаасан сэнс” гэдэг, давтан хэрэг үйлдэгчдийн зарим нь хоёр жилээр таслагдаж байгаа бөгөөд тэднийг дахин хүмүүжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулж буй аж. Үүний дараа тэдний 10 хүрэхгүй хувь нь л шоронд эргэн ордог байна.
“Норгерхавен”, түүнтэй яг адил “Эссерхем” гэдэг шоронд олон өрөө хоосон байна. Хоригдлууд салхилахад зориулсан, хөлбөмбөгийн дөрвөн талбайг нийлүүлснээс багагүй хэмжээтэй хашаанд модод найгаж, баяр тэмдэглэх ширээнүүд өрөөстэй, гар бөмбөгийн тор өлгөөтэй байдаг.
Хоригдлууд салхилдаг талбай
Цэвэр агаар хоригдлуудын ч, харгалзагч нарын ч стрессийг тайлдгийг орлогч дарга нь онцлон тэмдэглэжээ. Номын сан, хоолны газар, эмнэлэг рүү харгалзагчгүйгээр чөлөөтэй орохыг хоригдлуудад зөвшөөрдөг. Ийм бие даасан байдал нь шоронгоос гараад, чөлөөтэй амьдралд дасахад тус болдог гэж шоронгийн удирдлага үзэж байна.
10 жилийн өмнө Нидерланд улс хоригдлынхоо тоогоор Европтоо тэргүүлэгчдийн нэг байсан бол өнөөдөр хамгийн цөөн буюу 100 мянган хүнд 57 хоригдол ногдох болжээ. Харьцуулан үзвэл, Англи, Уэльст 100 мянган хүнд 148 хоригдол ногдож байна.
Гэхдээ Нидерландын шоронгууд дахь хоригдлуудыг амжилттай хүмүүжүүлсэн нь тоо эрс буурсан цорын ганц шалтгаан биш аж. Тэдний тоо 2005 оноос хойш 43 хувиар буурчээ. Тэр жил хоригдогчийн тоо хамгийн олон байсан нь нийслэл Амстердам хотын “Схипхол” нисэх буудлын хяналт чанга, кокаин тээвэрлээд саатуулагдсан хүний тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой байв.
“Цагдаагийнхны тэргүүлэх зорилт өөрчлөгдсөн. Тэд мансууруулах бодист бус, хүн нууцаар хил давуулан наймаалах болон алан хядах ажиллагаатай тэмцэхэд анхаарлаа хандуулах болсон” гэж Лейдений их сургуулийн эрүүгийн эрхийн профессор Паулин Схут тайлбарлажээ. Нидерландын шүүгчид ч хорих ял оноохын оронд нийгмийн ажил хийлгэх, торгууль ногдуулах болон электрон бугуйвч зүүлгэх арга хэмжээ авч байна.
Хаагдах гэж буй “Эссерхем” шорон
Тус улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захирал Анхелина ван Дайкийн хэлснээр, шоронг онц хүнд гэмт хэрэгтнийг хорих, эсвэл эсрэгээр, шоронгийн удирдлагын тусламж болоод хамгаалалт шаардлагатай байгаа хууль зөрчигч ашиглаж буй аж. “Заримдаа ялтан ажил, гэр бүлийнхээ хүрээнд байх нь дээр байдаг. Шийтгэлийг өөр аргаар эдлүүлж болно. Нидерландад хорих богино хугацаа оноодог болж, гэмт хэргийн түвшин буурч, улмаар шоронгууд эзгүйрч байна” гэж тэрбээр тайлбарлалаа. Хэдийгээр гэмт хэргийн гаралт сүүлийн найман жилд 25 хувиар буурсан ч, үнэн хэрэгтээ хүмүүс гэмт хэргийн тухай мэдээлэх нь багассантай холбоотой гэж шүүмжлэгчид нь ярьж байна. Учир нь хөрөнгө мөнгө хэмнэх үүднээс цагдаагийн олон хэсэг хаалгаа барьжээ.
Урьд нь шоронгийн дарга байсан, одоо сөрөг хүчний “Христийн ардчилсан уриалга” намын эрүүгийн эрхийн асуудал хариуцсан төлөөлөгч эмэгтэй Мадлен ван Торенбург болон бусад шүүмжлэгч гэмт хэргийг илрүүлэх нь багассан учраас хоригдлын тоо буурсан гэж үзэж байна. “Цагдаагийн ажил ихсэж, ачааллаа дийлэхээ байсан. Үүнийг Засгийн газар хэрхэн хүлээн авч байна вэ? Шоронгуудаа хааж байна! Үүнд гайхах хэрэг байна уу?” гэж ван Торенбург батлан хэлэв.
Хоригдлын тоо цөөрснийг Анхелина вен Дайкийн ажилтнуудын олонх нь таашаахгүй байгаа нь илэрхий ажиглагдаж байна. Шоронгийн харгалзагч нар сэтгэл хангалуун бус, сэтгэл санаагаар унасныг тэдний ҮЭ-ийн төлөөлөгч Франс Карбо цохон тэмдэглэжээ. Шорон нь хэзээ мөдгүй хаагдаж болзошгүй учир залуус ажилдаа явахыг хүсэхгүй байгаа аж. Амстердамын өмнөд дүүрэгт орших, эзгүйрч буй шоронгуудын нэг нь алдартай зочид буудал болжээ.
Зарим шорон дүрвэгч хүлээн авах төв болжээ
Тэндхийн хамгийн үнэтэй өрөөнүүд нь “Өмгөөлөгч”, “Шүүгч”, “Захирал”, “Хоригдол” гэсэн нэртэй. Бусад шорон нь дүрвэгсдийг хүлээн авах түр байр болж, хуучин харгалзагч нар нь ч ажилтай болов. Ажлын байраа хадгалах хүсэл өөр бас нэг гэнэтийн шийдвэр гаргахад хүргэлээ. Тус улс Норвеги, Бельгиэс хоригдол “импортлох” болжээ.
“Манай Гадаад хэргийн сайд Норвегийн Хуульзүйн сайдтай уулзаж, хоосон өрөөнүүдийг түрээслэхийг санал болгосон” гэж Ян Рулоф ван дер Спол ярьж байна. Тэгснээр өнгөрсөн оны есдүгээр сараас Норвеги улс “Норгерхавен” шорон руу хоригдлуудаа илгээж эхэлжээ. Одоо уг шоронгийн дарга нь Карл Хиллесланд гэдэг норвеги хүн болсон хэдий ч хоригдлуудыг Нидерландын 234 харгалзагч хариуцаж байна.
Бавайсан сахалтай, урьд нь номын худалдаачин байсан Хиллесландыг хэн ч хоригдол байсан гэмээргүй. Ажил нэгт нидерланд нөхдөөсөө ялгаатай нь мөрдэстэй дүрэмт хувцас өмсдөггүй тэрбээр Норвегийн шоронгуудыг Нидерландынхаас ардчилсан болохыг хүлээн зөвшөөрчээ. Жишээ нь, Норвегид хоригдлууд сэтгүүлчдэд ярилцлага өгч, өөрийн сонголтоор видео кино үзэхийг зөвшөөрдөг. Учир нь тус улсын засан хүмүүжүүлэх газруудад хоригдлуудыг “хэвийн болгох” зарчим үйлчилдэг аж. Өөрөөр хэлбэл, шоронгийн амьдрал жирийн иргэдийнхтэй ойролцоо байх ёстой. Энэ нь хоригдож байсан хүн хурдан нийгэмшихэд тустай гэнэ.
“Зарим талаар бидний авч хэрэгжүүлдэг арга барил өөр өөр байдаг. Жишээ нь, дүрэм зөрчсөн хоригдлыг бид нэн даруй шийтгэдэг байхад норвегичүүд эхлээд мөрдөн шалгаж, дараа нь яллахаас өмнө нэлээд харзнадаг аж. Манай харгалзагч нар тийм байдалд дасахгүй удсан” гэж ван дер Спол тайлбарлав.
“Гэхдээ бид шорон хэрхэн ажиллах ёстой талаар үзэл бодол нийлдэг” гэж Хиллесланд дүгнэн хэлжээ. Түүний хэлснээр, Норвегиос зарим хоригдлыг хүчээр шилжүүлэхэд хүрсэн ч, Нидерландад хүнсний бараа, тамхи хямд учир дийлэнх нь сайн дураараа шилжихийг зөвшөөрсөн байна.
“Норгерхавен” шорон руу татсан бас нэг зүйл нь “Skype” ашиглан гэр бүлийнхэнтэйгээ холбогддог тусгай өрөө байв. Хоригдлыг эргэх төрөл төрөгсөд унааны болон зочид буудлын зардлаа өөрсдөө төлөх ёстой. Энэ нь багадаа л 500 евро байдаг аж. Удаан хугацааны ял эдэлж буй хоригдлуудын олонх нь гадаадын иргэд. Тэд Норвегид байсан бол төрөл төрөгсөдтэйгөө уулзах боломж ховорхон олдох байжээ. Михаил дэмждэг хөлбөмбөгийн клуб болон дөрвөн хүүхдийнхээ гэрэл зургаар өрөөгөө чимжээ. Польшийн хойд нутгийн гагнуурчин тэрбээр Норвегид ял шийтгүүлсэн аж. Гэвч тэнд “Skype”-аар холбогдох боломжгүй.
“Миний эхнэр дөрвөн хүүхдээ өсгөн, хүмүүжүүлж, ажилгүй болохоос айдаг. Намайг эргэх гэж ирэх мөнгө түүнд байхгүй. Тийм болохоор гэр бүлийнхнийхээ дуу хоолойг утсаар сонсоод зогсохгүй, хааяа харах боломжтой энэ шоронг сонгосон юм” гэж Нидерландад “импорлогдсон” Михаил өгүүлж байна.
“Skype”-аар холбогдсоны дараа, ялангуяа Зул сар болон Улаан өндөгний баярын үеэр их хэцүү байдаг. Гэхдээ энэ нь оргүй байснаас дээр” гэж тэрбээр нэмж хэллээ. Ард чихран хаагдах шоронгийн төмөр хаалгаар гарахдаа хэдэн жилийн дараа сүүлчийн норвеги хүн “Норгерхавеном” шоронгийн хаалгыг хаах байх хэмээн ВВС-гийн сэтгүүлч Люси Эш бодож байна. Винхаузен тосгоны “Норгерхавен”, “Эссерхем” шоронгийн аль нэгийг ирэх жил хаахыг харгалзагч нар нь мэдэж буй.
Гэвч Нидерландын хоригдлуудын тоо нэмэгдэх магадлал хэр байгаа бол? Урьд нь Нидерландын шоронд олон хүн хоригдож байсныг ойлгохын тулд тосгоноор зугаалахад л хангалттай. Винхаузен нь алдартай намаг, мөнх ногоон модоороо алдартай, алслагдсан, цөөн оршин суугчтай Дренте мужид оршдог. Нидерландын Сибирь гэгддэг эл газар руу XIX зуунд хотын ядуус, орон гэргүй хүмүүс зэрэг ад шоо үзэгдэгсдийг илгээдэг байжээ.
Армийн нэг генерал иргэдийг энэхүү ядуу дорой байдлаа давж гарахад нь туслахаар Винхаузенд засан хүмүүжүүлэх газар байгуулсан аж. Цаг хугацаа улирахын хэрээр уг газар суурин болж өргөжсөн ч 1980-аад он хүртэл гадаад ертөнцөд хаалттай байв. Өдгөө Нидерландын 17 сая хүн амын нэг сая нь Винхаузен руу цөлөгдсөн хүмүүсийн үр сад аж.
“Энэ бол хүн амын асар том хэсэг. Бидний хэн нь ч ядуу дорой, хүнд нөхцөлд төрж, өсөж мэдэхээр байсан. Тийм болохоор өнөөдөр өргөст торны цаана суугаа тэр хүмүүсийг бид хэзээд дурсан санах ёстой” гэж өвөө нь гуйлга гуйсныхаа төлөө Винхаузен руу цөлөгдөж байсан, зохиолч Сюзанна Янсен ярьжээ.