Дэлхийн хамгийн хөгшин хүн, 19-р зууны сүүлчийн хүн гэгддэг Итали эмэгтэй Эмма Морано өчигдөр 117 нас хүрлээ.
Тэрбээр өөрийнхөө урт насалсан шалтгааныг хоол хүнстэйгээ холбож тайлбарласан байна. Энэ эмээ өдөрт хоёр өндөг иддэг бөгөөд шүдгүй учраас их идэж чаддаггүй гэж тайлбарлажээ.
Гурван зууныг үзсэн эмээ төрсөн өдрийнхөө бялуунаас амссангүй. Хамгийн сүүлд бялуу идээд өвдчихсөн тул энэ удаа ёс төдий бялуу гаргасан аж. Морано 1899 оны 11 сарын 29-нд төрсөн. Дэлхийн хоёр дайн, АНУ-ын 19 ерөнхийлөгчийг үзсэн итали бүсгүй найман хүүхэдтэй айлын том нь байжээ. Энэ эмэгтэй 1938 онд нөхрөөсөө салж, ганц хүүхэд нь өнгөрсний дараа ганцаараа амьдрах болсон юм. Өдгөө хөгшчүүлийн асрамжийн газарт амьдрах болсон тэр өнгөрсөн жил хүртэл хүнээр харуулах шаардлагагүй байжээ. Хараа, сонсгол муутай учир 20 жил нэг байрандаа амьдарсан эмээ дахин таван жил "амьд" явбал дэлхийн хамгийн хөгшин хүнээр тодорно. Франц эмэгтэй Женни Луис Калмент 1997 онд өөд болохдоо 122 нас, 164 хоногтой байсан гэдгээрээ дэлхийн дээд амжилт тогтоосон юм.