Өмнөд Солонгосын сөрөг хүчин ирэх сарын 2-нд Ерөнхийлөгч Пак Гын Хэд итгэл үзүүлэх, эсэх тухай асуудлаар парламентдаа санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Тус улсын хоёр том сөрөг хүчин болох Ардчилсан “Тобуро” нам, Ардын намын төлөөлөгчид ийн мэдэгджээ. Пак Гын Хэг Үндсэн хууль зөрчсөн, авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууц задруулсан гэсэн шалтгаанаар Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулахаар тэд төлөвлөсөн байна.
Төрийн тэргүүнийг нь тойрсон авлигын дуулианы улмаас Өмнөд Солонгосын иргэдийн дунд эрх баригч “Сэнури” намын нэр хүнд унаж, дэмжигчдийн үзүүлэлт ердөө 16.2 хувьтай болжээ. Харин Ардчилсан “Тобуро” намыг дэмжигчдийн тоо нэмэгдэж, 33 хувьд хүрсэн байна.
БНСУ-ын Прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз эмэгтэй Чой Сүн Силийг хувийн ашиг хонжоо олохын төлөө нөлөөгөө ашигласан хэмээн энэ сарын 20-нд албан ёсоор буруушаасан билээ. Тодруулбал, өөрийн хяналтад байдаг, төрийн бус сангаасаа хувийн компани руугаа хөрөнгө мөнгө шилжүүлэхдээ луйвар хийхийг оролдсон гэж үзэж буй. Тэрчлэн Пак Гын Хэгийн туслах асан Ан Жон Бом, Жон Хо Сон нарыг Чой Сүн Сильд зуучилсан, түүнд нууц баримт бичиг шилжүүлсэн хэрэгт Прокурорын газар нь албан ёсоор буруутгажээ.
Мөн тэднийг Ерөнхийлөгчийн найз эмэгтэйн хяналтад байдаг хоёр санд хэдэн арван сая доллар шилжүүлэхийг улсынхаа 50 гаруй компаниас шаардсан хэмээн үзэж байна. Тус улсын Үндсэн хуульд зааснаар, эх орноосоо урваснаас өөр тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэж яваа Ерөнхийлөгчид эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй аж.