АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд зориулан жолоочгүй шумбагч хөлөг онгоц бүтээн, үйлдвэрлэхэд гурван тэрбум доллар зарцуулахаар БХЯ нь төлөвлөж буй тухай “Washington post” сонин мэдээллээ. Төслийг боловсруулах шатандаа явж байгаа ч инженерүүд давстай ус, даралтын сөрөг нөлөө зэрэг усны гүнд жолоочгүй онгоцыг ашиглахад учрах хүндрэлүүдийг давах боловсронгуй технологитой болж чадсан байна.
Үүний сацуу усан доор холбооны хэрэгсэлд учирдаг бэрхшээлүүдийг шийджээ. Тиймээс жолоочгүй шумбагч онгоц усан дор хэдэн сар, бүр хэдэн жил байх боломж бүрдэх аж.
Дээрх сонинд мэдээлснээр, Орос болон Хятад улс шумбагч хөлөг онгоцнуудаа боловсронгуй болгоход хөрөнгө оруулж байна. Ялангуяа алсаас удирдах шинэ технологи хэрэгжүүлэх замаар өрсөлдөгчдөө давахаар Пентагон төлөвлөж байгаа гэнэ. Орчин үеийн дайнд нисгэгчгүй нисэх төхөөрөмж гол үүрэг гүйцэтгэх болсон. Тиймээс Америкийн цэргийнхэн далайд эргүүл хийхэд жолоочгүй шумбагч хөлөг онгоц ашиглахаар төлөвлөж байна.