Афганы Засгийн газрын цэргүүд
Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийг Афганистан шиг анхааралтай ажигласан улс ер байхгүй л болов уу. Энд байгаа Америкийн тусгай зориулалттай хүчин, нисгэгч, их бууч болон өөр мэргэжлийн цэргийн алба хаагчид зэрэг 10 мянган хүн төдийгүй Кабулын Засгийн газар, “Талибан” хөдөлгөөний удирдагчид, Нангархар ууланд байгаа лалын дайчид ч үүнийг чих тавин чагнаж байв. Хиллари Клинтон ялсан бол мэдээж Афганы талаар Барак Обамагийн явуулж байсан бодлогыг үргэлжлүүлэх байсан бол Дональд Трамп ялснаар тун тодорхойгүй байдал бий болголоо.
Сонгуулийн өмнөх сурталчилгааны үед нэр дэвшигчдийн аль нь ч Афганы асуудалд тэгтлээ анхаарал хандуулж байсангүй. Харин Трамп сонгогдсон хойноо нэг талаас Афганистанаас Америкийн цэргийг гаргах, нөгөө талаас “Исламын улс”-ыг устгахаар амласан юм. Афганистан улсын хувь заяа, америк цэргүүдийн амьдрал Трампын гаргах шийдвэрээс хамаарах болчихоод байна.
Афганы арми одоо талибууд руу хийх өвлийн довтолгоондоо бэлтгэж байна. Үүнийгээ “Шафак-2” гэж нэрлэж буй бөгөөд энэ нь Талибын дайчдын зуны кампанийг тасалсан “Шафак” ажиллагааны хоёр дахь хэсэг болохыг нь илтгэж буй аж. Довтолгооныг 34 мужийнхаа 13-т зэрэг эхлүүлэхээр төлөвлөж буй юм байна. Афганчууд Америкийн Агаарын цэргийн хүчний өгөх цохилтод найдаж буй аж.
“Сүүлийн 14 жилд Кабулын Засгийн газар орон даяар олон зуун удаа байлдааны ажиллагаа явуулсан ч нөхцөл байдал өдөр ирэх тусам муудаж байна” гэж Нангархар мужийн нэг омгийн удирдагч Малик Османы ярьсныг Америкийн “The stars and stripes” эш татжээ.
Америкчууд Афганы армид сургалт явуулаад удаж буй ч шийдэмгий, чадмаг ажилладаг ганц тусгай хүчнийхэнд л итгэж ханддаг байна. Харин Афганы армийн ихэнх ангийнхан хувьд нөгөө л оргож босдог нь улам нэмэгдэж, бололцоо л олдвол ухарч, зугтаж байдаг нь хэвээр. Өнгөрсөн сарын 3-нд талибууд Кундуз руу гэнэт довтолсон чинь эндхийн гарнизоны ихээхэн хэсэг нь зугтсан байна. Хавар, зуны дайнд Афганы арми хүчээ шавхаж, 2016 оны эхний найман сард 15 мянган хүнээ алдсаны 5.5 мянга гаруй нь амь үрэгджээ.
Урвуулах тактик талибууд баримтлах болсноос Афганы армийн цэрэг, дарга нар биендээ итгэхээ больсон байна. Зэвсэг нэгт нөхөр араас чинь буудах аятай мөчийг хүлээсэн, нүүрээ нуусан дайсан болсон нөхцөлд байлдахад түвэгтэй байна биз дээ. Сүүлийн нэг жил хагасын дотор ийм байдлаар Афганы 257 цэрэг, офицер амиа алдсан байна. Цэргүүд нь идэвхгүй, дарга нар нь алдаа гаргаад байгаагаас учрах хохирлыг Америкийн тусгай зориулалттай хүчнийхэн цусаараа төлж байдаг болжээ.
“Талибан”-ы дайчид
Ерөнхийлөгч Ашраф Гани нь арми, цагдаагийн байгууллагад нь дэглэм алдагдаж, байлдах чадваргүй болж буйд бухимдан, улмаар энэ талаар олон түмэндээ хандаж хэлэхээс аргагүй байдалд хүрсэн байна. Гэхдээ л афганчууд энэ онд америкчуудын тусламжтайгаар ч гэсэн томоохон хотуудаа талибуудад алдахгүй байж чаджээ.
Дайн тулааны тал дээр Афганы эрх баригчид үндсэндээ хамгаалах тактик баримталсан бол улс төрийн хувьд хэд хэдэн дорвитой амжилтад хүрсэн байна. Тухайлбал, Лалын намын удирдагч Гульбеддин Хекматиартай энхийн гэрээ байгуулж чадав. Хекматиар дайчдаа тарааж, гэрт нь хариулахаа амлажээ. Тэгэхдээ Америкийн цэргийг Афганистанаас гаргахаар Трамп шийдвэл Кабул талибуудтай учраа олж чадахаа болино.
“Талибан” хөдөлгөөний хувьд энэ он хүндхэн байлаа. Өнгөрсөн өвөл олсон амжилтандаа хөөрсөн эдний дайчид Кабулын дэглэмд чангахан цохилт өгч, гол мужуудыг хяналтдаа авчихна гэж тооцоолж байсан ч санасандаа хүрсэнгүй.
“Талибан”-ыг үүсгэн бий болгосон санваартан Омарыг нас барснаас хойш эмх замбараагүй байдалтай болоод байсан тус хөдөлгөөнийг нэлээд чармайж байж дэг журамд нь оруулаад байсан Ахтар Мансур нь зуны довтолгоон эхлээд нэг сар болж байхад Америкийн нисгэгчгүй онгоцны цохилтод өртөн амиа алдав. Шинэ удирдагчаар Хайбатулла Аханзадаг яаравчлан сонгосон ч ажил хэрэгтээ дасаж, бүлэглэлүүдтэй хэл амаа ололцоход түүнд ихээхэн хугацаа шаардагджээ.
Шинэ удирдагч уламжлал ёсоор өөрийн эрх мэдлийг бэхжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа томоохон давшилтаар эхлүүлсэн байна. Талибууд өмнө зүгийн Гильменд мужид төвлөрч байв. Бүхэлд нь авч үзвэл энэ оныг талибуудын хувьд муугүй үдэх гэж байна гэж бас хэлж болно. 2001 оноос хойш хамгийн том газар нутаг одоо тэдний хяналтад байна. Пентагонд байгаа баримтаар бол 407 тойргийн 258 нь Засгийн газрын, 33 нь талибуудын мэдэлд байгаа юм.
116 тойргийн төлөө тэмцэл ид өрнөж байна. Гильменд мужийн төв урьдын хэвээр хагас бүслэлтийн байдалд байгаа бөгөөд эндхийн газар нутгийн 65 хувийг нь талибууд хянаж буй юм. Түүнчлэн “Талибан” хөдөлгөөний мэдэлд байгаа нутаг дэвсгэр дээр өнгөрсөн онд эдийн засгийн нөхцөл нь эрс сайжирчээ.
Хар тамхины ургамлын үнэ өсөж, үйлдвэрлэлийн хэмжээ нь нэмэгдсэнээр талибуудын хэтэвч ч чамлахааргүй зузаарсан аж. Тиймээс зэвсэг хэрэгсэл авч, эгнээгээ өргөжүүлэн, гадаадын ивээн тэтгэгчдээс хараат байдлаа багасгах боломж бүрдсэн байна. Талибууд одоо өвлийн довтолгооноо өнгөрсөн оныхоос илүү өргөн хүрээнд хийхээр бэлтгэж байна.
“Исламын улс”-ын байдал тун эгзэгтэй болох нь. Трамп тэдэнд толгойгоо өндийлгөх боломж олгохгүй нь мэдээж. Сүүлийн хоёр жилд алан хядагч энэ бүлэглэл хүчээ шинэ дайчдаар байнга сэлбэж ирсэн ч Афганистанд тэдний боломж тун хязгаарлагдмал болсныг зуны ажиллагаа харуулжээ. Зургадугаар сард Гильменд мужид томоохон газар нутаг булааж аваад байсан тус бүлэглэл наймдугаар сард талибууд хийгээд Афганы цэргийн цохилтод өртөв.
Талибууд болон Афганистаны Засгийн газрын цэргүүд шиг улс орныг бүхэлд нь хамарсан байлдааны ажиллагаа явуулах гэсэн тэдний оролдлого бүтэлгүйтлээ. “Исламын улс”-ын отрядууд Нангархар муж дахь түшиц газар руугаа ухарч, улмаар Америк, Афганы тусгай зориулалттай хүчний эсрэг хамгаалах дайн хийж байна. Хяналтад байгаа газар нутаг нь Нангархарын дөрөвхөн тойрог болтоо хорогдов.
Лалын энэ дайчидтай АНУ ёсорхоод байдаггүй юм. Талибуудтай хэзээ нэгэн цагт хэл амаа ололцож магадгүй бол “Исламын улс”-тай тэгэх боломжгүй гэж Вашингтон үздэг. Америкийн Агаарын цэргийн хүчин эднийг бөмбөгдөж, “Исламын улс” долоо хоногт хэдэн арван хүнээ алдаж байна. Тус бүлэглэлийн Афганистан дахь удирдагч нь байсан Хафиз Саид Хан, хээрийн цэргийн командлагч Бозорга нар нь Америкийн нисгэгчгүй аппаратын харвасан пуужинд оногдож амиа алдав.
“Исламын улс” ч мөчөөгөө өгөхгүй хүч хэрэглэж, зунаас хойш гурван ч удаа алан хядах ажиллагаа үйлдэж, олон арван хүний аминд хүрлээ. Шийтүүд олноор цугласан сүм, бунхан болон соёлын бусад объектыг тэд дэлбэлж байна. Афганистаны хүн амын 80 хувь нь суннит, 19 хувь нь шийт юм. “Талибан”-аас ялгаатай нь Афганистанд шашин хоорондын мөргөлдөөн үүсгэж байх нь энд оршин тогтнох үндэс болно гэж “Исламын улс” үздэг.
Афганы эрх баригчид хийгээд Пентагоны үзэж буйгаар лалын 1-2 мянган дайчин энд байгаа ч Афганистан дахь “Исламын улс”-ын шинэ удирдагч Обу Омар Хорасанийн хэлснээр “засаршгүй хэнээт” Дональд Трамп лалын шашинтнуудын эсрэг нэг бус удаа хийсэн мэдэгдлээрээ жирийн сүсэгтнийг ч лалын дайчдын эгнээ рүү түлхэж байна гэнэ.
Ийм нөхцөлд Катарт хийдэг хоёр талын хэлэлцээг сэргээхийг сонирхож буйг Кабул дахь эх сурвалж болон “Талибан”-ы удирдлага мэдээллээ. Уг хэлэлцээнд талибуудыг талийгаач Омарын дүү болон хүү төлөөлөх сурагтай байна. Кабулаас Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх бөгөөд тагнуулын байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгч Мухаммед Масум Станекзай очих бололтой.
Энэ хэлэлцээний нэг онцлог нь түүнд Пакистаны төлөөлөгч оролцохгүй. Энэ нь талибуудын дэмжлэгээс Исламабад хөндийрч буйг болон бэлжиж, бэхжиж буй “Талибан”-д пакистанчуудын үзүүлэх нөлөө суларч байгааг нотолж байж болох юм. Эсвэл талибууд бие дааж чадах болсноо, дотно холбоотой пакистанчууддаа дарамт учруулахгүй байх боломжтойгоо харуулахыг зорьсон ч байж мэднэ.
Америкчууд энэ хэлэлцээнд оролцох гэж буй нь сонирхол их татаж байгаа юм. Афганистанд мухардмал байдал бий болоод байгааг Вашингтон хэдийнэ ойлгосон янзтай байна. Америкийн цэргүүд Афганистанд байгаа тохиолдолд Кабулын дэглэмийг “Талибан” унагааж чадахгүй бол Афганы Засгийн газар АНУ-ын дэмжлэгийг аваад ч талибуудыг устгаж хүчрэхгүй юм. Нөгөө талаар хэлэлцээ цаашид хэрхэх нь Афганистанд Трамп юу хийхээс шалтгаална.