БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэг төрийн хэргийг өөрийн толгойгоор биш найзынхаа дарамт, шахалт дор явуулдаг гэсэн хардлагыг нотлох эцсийн баримтыг цагдаагийнхан олжээ. Цагдаагийнхан ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жүн Хо Сүнээс мэдүүлэг авч, шалгасан бөгөөд түүнээс хурааж авсан хоёр гар утсанд хадгалагдсан 50 гаруй аудио бичлэгээс ерөнхийлөгчийг Пак Гын Хэ бус албан бусаар Чой Сүн Сил удирддаг болохыг батлах баримт олджээ.
Энэ үйл явдлыг шалгаж буй цагдаагийнхан хүртэл олдсон баримтад гайхаж, балмагдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Цагдаагийнхан илүү дэлгэрэнгүй мэдээлэл ил болгохоос татгалзсан бөгөөд ямартай ч бичлэгийн эхний 10 секундыг сонсвол хүмүүс гудамжинд лаа биш бамбар барьж жагсахаар байгааг дурджээ.
Эдгээр 50 гаруй ярианы бичлэг улсын буюу ерөнхийлөгчийн нууцад хамаарах тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс цагдаагийнхан татгалзсан. Үүнийг задруулбал гурав хүртэлх жилээр хоригдох ял шийтгэл оноох хуультай аж.
Орон нутгийн нэгэн хэвлэлд бичсэнээр бол Чой Сүн Сил ерөнхийлөгчийг албаны хүмүүсээр нь дамжуулж, шахдагаас гадна хэнтэй уулзах, ямар шийдвэр гаргах гээд бүх зүйлийг нь хянадаг болохыг нотлох нэгэн ярианы бичлэг олдсон бололтой.