Куба улсыг хагас зуун жил удирдсан, XX зууны агуу удирдагчдын нэг, сүүлчийн их хувьсгалч гэгддэг Фидель Кастро 90 насандаа таалал төгслөө. Түүний 1967 онд Америкийн “Playboy”сэтгүүлд өгсөн ярилцлагыг дор товчлон хүргэж байна.
Коммунист засаглал дэлхий даяар нуран унахад Америкийн Нэгдсэн Улсын хаяанд улаан тугаа намируулсаар үлдсэн Куба орон чухам Ф.Кастрогийн цогцлоосон тогтолцоо, зөвхөн Кубынх гэгдэх үзэл баримтлалаа хадгалсаар шинэ мянгантай золгосон билээ.
Фидель Кастрог улс орныхоо хөгжлийг хойш чангаасан, иргэдийнхээ эрхэнд халдсан дарангуйлагч, өөрчлөлт шинэчлэлийг хялайн үздэг солиотон мэтээр ойлгодог хүмүүс байхад Куба орныг империализмын савраас аварсан, агуу эх оронч хэмээн дээдэлдэг нутаг нэгтнүүд нь тэднээс дутуугүй олон.
Гэхдээ хувьсгалын удирдагчийг хайрладаг, үзэн яддаг ялгаагүй олон нийтийн хувьд маргашгүй нэг үнэн бий нь Куба орон Ф.Кастрог, Ф.Кастро Кубыг илтгэж ирсэн хөдөлшгүй баримт юм.
-Хүмүүс Кастро гэх олны танил хүнийг сайн мэдэх ч Фидель гэдэг хувь хүний талаар тун бага зүйл мэддэг. Тэгэхээр хувийн шинжтэй асуултаар ярилцлагаа эхэлье.
Та хэл ам, дуулиан шуугиантай 26 жилийг олны нүдэн дээр өнгөрүүлсэн байна. Ийм амаргүй амьдралд таныг чухам юу хөглөж байна вэ. Та чухам ямар зүйлээс урам зориг, эрч хүч авдаг вэ?
-Хүндхэн асуулт байна. Гэхдээ би ямар зүйлс надад урам зориг, итгэл үнэмшил төрүүлдэггүй вэ гэдгийг эхлээд хэлчихье. Эд мөнгө, аливаа материаллаг зүйл надад огтоос сонин биш. Алдар нэр, амжилт, ялалт ч надад чухал биш. Харин онцгой санаанууд надад эрч хүч өгч, намайг урагш тэмүүлэхэд хүргэдэг. Хүн үзэл санаандаа үнэнч байвал үйл хэрэгтээ тууштай зүтгэнэ. Ерөөс санаа сэдэл гэдэг зүйл л хүнийг хөгжүүлсэн анхдагч хүчин юм шүү дээ.
Өөртөө үнэнч байх шиг чухал юм үгүй. Гэхдээ өөрийгөө хосгүй нэгэн гэж бодвол л өнөөх хий хоосон алдар нэр, агуу ихийг бүтээх дэмийрэлд хөтлөгдөнө. Би нэг насаараа энэ бүхнээс сэрэмжилж, санаа бодлоо цэгцэлж ирлээ. Түүхийг ганцхан бие хүн бус, олон нийт, ард түмэн бүтээдэг юм шүү гэдгийг өөртөө байнга сануулдаг. Хосе Мартийн нэг үг бий шүү дээ. “Бүх дэлхийн суу алдар боодол эрдэнэшишний л үнэтэй” гэж.
-Та тэгэхээр зарим хүнийг их үйл бүтээх онцгой хувь заяатай төрдөг гэж боддоггүй хэрэг үү. Зөвхөн цаг хугацаа, нөхцөл байдлаас л алдар суу шалтгаалдаг гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ. Би хэдэн жишээ татъя л даа. Хэрэв Линкольн энэ цаг үед аж төрж байсан бол Америкийн ердийн нэг аж ахуйч иргэн байх байсан. Амьдарч асан нийгэм, цаг үе нь л түүнийг бидний мэдэх Линкольн болгосон.
Жорж Вашингтон Америкийг тусгаар тогтносноос 50 жилийн дараа төрсөн бол яах вэ? Ленин ч бас цагаа олж мэндлээгүй бол түүний тухай мэдэх хүн өдийд байх сан болов уу? Би ч ялгаагүй, хэрэв цагаа олоогүй бол, хэрэв уншиж, бичиж чаддаггүй байсан бол улс орныхоо түүхийг бүтээлцэж, хувьсгалд оролцох байсан гэж үү? Энэ бүхнийг би оноолт хувь тавилан гэж санадаггүй.
Харин ердийн тохиолдол, тухайн нөхцөл байдлын тохироо гэж боддог. Би дүү нараасаа давуу эрх эдэлж л сургуульдаа үргэлжлүүлэн суух болсноос биш, өөрийн сайндаа тэгж дэвшээгүй юм шүү дээ. Миний ард үлдсэн хэдэн зуун хүүхдийн дунд одоо миний хийж байгаа ажлыг надаас хэд дахин илүү гүйцэтгэх хүн сугарч үлдсэн ч юм бил үү, хэн мэдэх вэ.
Удирдагч хүн төрдөггүй, харин бэлтгэгддэг, удирдан чиглүүлэх авьяас хүн бүрт бий, онцгой чадварыг хүмүүсээс тодруулж болно гэж би хэлэх гээд байна. Яагаад энэ бүхний талаар ингэж тайлбарлаад байна вэ гэхээр барууны орнуудад агуу их үйлс, аливаа содон бүтээл туурвилыг зөвхөн нэг л хүнд хамаатуулах хандлага их байдаг.
Энэ нь түүх, соёлтой нь холбоотой байх. Тиймдээ ч гуравдагч ертөнцийн гэгдэх орнуудын төрийн тэргүүн нарыг эрт цагийн овгийн удирдагч шиг санадаг. Үүнийг би одоо биеэрээ мэдэрч байна. Барууныхан үргэлж л Кастрогийн Куба гэж ярьдаг шүү дээ. Кастро л ингэлээ, Кастро л тэглээ гэлцдэг. Би үүнийг барууныхны улс төр, түүхийн асуудалд хандах тун дутагдалтай зан гэж боддог юм.
-Та улс орноороо олонтаа тойрон аялсан. Ард түмэнтэйгээ ямархуу харилцаатай вэ?
-Хүмүүс намайг хүндэтгэж, гэр бүлийн гишүүн шигээ санадаг. Үгүйдээ л сайн хөршөө эргэж ирсэн мэт хүлээж авдаг. Кубын ард түмэн өндөр дээд албан тушаалтан, олны танил гэгдэх хүмүүсээс сүрдэж, жийрхдэг хүмүүс биш. Намайг ноён Кастро ч юм уу, эсвэл Кастро гуай гэж авгайлдаг хүн байхгүй. Бүгд л Фидель гэж дуудна шүү дээ. Бид ард түмнээ хуурч, худал үг хэлж байгаагүй болохоор л тэдэнтэйгээ ийм ойр дотно харилцаатай байдаг гэж би санадаг юм.
-Та бол маш чадварлаг уран илтгэгч. Цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хүний өмнө үг хэлдэг тан шиг удирдагч одоо тун цөөхөн. Илтгэгч Кастро, жирийн иргэн Кастро хоёрын дунд хэр их ялгаа бий вэ?
-Хүмүүсийн мэддэггүй, бүр сонсоод ч үнэмшихээргүй нэг сонин зүйл хэлье. Би тайзан дээр, олны өмнө гарахаасаа их айдаг юм. Олон хүнд хандаж үг хэлэх бүртээ сандарч тэвддэг. Би үнэн хэрэгтээ илтгэл тавих дургүй юм шүү дээ. Гэхдээ давж гарах учиртай сорилт, надад даалгасан олны итгэл, ажлын хариуцлага гэж бодож, индэр дээр гардаг. Олон нийтийн цуглаанд үг хэлэх бүр ч хэцүү. Үг бүрээ цэнэж, сайтар бодохгүй бол болдоггүй. Хүмүүс бэлэн зэхээтэй, цээжилсэн үг хэлэх,эсвэл цаас гаргаж уншихад тун дургүй байдаг юм.
-Таныг ЗХУ-тай ямар харилцаатайг бүгд мэднэ. Харин Ерөнхийлөгч Рональд Рейганыг засгийн эрхэнд гарснаас хойш америкчууд танай улсад улам л хатуу ханддаг болоод байна. Ноён Рейган таныг цэргийн дарангуйлагч гэсэн. Түүнтэй санал нийлэх хүн ч цөөнгүй байна. Та энэ бүхэнд ямар хариу барих вэ?
-Дарангуйлагч гэдэг үгийг эхлээд сайтар ойлгоё. Бүх зүйл дээр зөвхөн толгой мэдэн шийдвэр гаргадаг, төрийн ямар нэг байгууллага, хууль журамд захирагддаггүй, хэний ч үгийг сонсдоггүй хүнийг дарангуйлагч гэдэг байх аа? Ийм хэмжээгүй эрхтэй хүнийг дарангуйлагч гэж үзвэл Пап лам дарангуйлагч биш үү? Ватикан улсыг, Католик сүмийг тэр эрхэм л ганцаараа захирдаг шүү дээ.
Үүнийг дэлхий нийтээрээ мэддэг атлаа хэн түүнийг дарангуйлагч гэж байгаа юм бэ? Ерөнхийлөгч Рейган ч гэсэн өөрөө хэнтэй ч зөвшилцөлгүйгээр буруу шийдвэр гаргаж мэдэх хүн. Бүр Сенатын зөвшөөрөлгүйгээр Амбан захирагч, Элчин сайд нарыг томилох эрхтэй байдаг.
Тэр бүү хэл Гренада, Никарагуагийн эсрэг явуулсан шигээ бохир дайныг толгой мэдэн өдөөх бүрэн мэдэлтэй. Түүнд нэг учир битүүлэг хар цүнх бийг дэлхий даяараа мэднэ. Түүн дотор нь хүн төрөлхтнийг сүйрүүлэх цөмийн зэвсэг хөөргөх код бий. Ер нь яагаад Америкийн Ерөнхийлөгчид ийм зүйл байдаг гэж санана? Тэр цүнхийг нь харж хамгаалах үүрэгтэй тусгай хүн хүртэл бий шүү дээ. Ромын эзэн хаад хүртэл ийм эрх мэдэлтэй байгаагүй.
-Гэхдээ та Кубад болж буй бүхнийг шийддэг биш үү?
-Үгүй дээ. Би ганцаараа бүхнийг мэднэ гэж юу байх вэ. Зөвхөн тогтсон хүрээлэлдээ л би удирдагчийн үүрэг гүйцэтгэдэг. Кубад Америкийн Ерөнхийлөгчийнхтэй адил байр суурь, албан тушаал байхгүй шүү дээ. Төр улсын бүх л чухал шийдвэрийг намын Төв хороо, Удирдах зөвлөлийн гишүүд хоорондоо хэлэлцэж байж гаргадаг. Би л гэхэд аль нэг сайд, хот суурингийн захирагчийг биечлэн томилдоггүй. Бүр хамгийн доод түвшний төрийн албан хаагчийг ч би сонгодоггүй.
Харин тэднийг тохоон томилдог, сонгон шалгаруулдаг тогтолцоог нь бүрдүүлж, хянаж байдаг. Надад эрх мэдэл, хүч нөлөө бий нь бий. Гэхдээ би түүнийгээ Төв хороо, Үндэсний ассамблейн өмнө үг хэлэхдээ, эсвэл олон нийтийн санаа бодолд нөлөөлөхөд л эдэлнэ үү гэхээс, зөвхөн өөрийн тусын тулд ашигладаггүй.
Тийм боломж ч байхгүй. Надад үүнээс илүү эрх ямба хэрэггүй. Тэгэхээр цөмийн дайн эхлүүлэх мэдэлтэй Америкийн Ерөнхийлөгч, шууд захиран тушаах эрхгүй Кубын удирдагч хоёрын хэн нь илүү дарангуйлагчийн шинжтэй байна даа?
-Таныг дарангуйлагч гэдэг нь нэг талаар Куба болон өрнөдийн орнууд дахь хувь хүний эрх, эрх чөлөөний асуудалтай холбоотойг та эрхбиш ойлгож байгаа байх.
-Энэ нь бас л өнөөх уламжлалт хандлага гээчтэй холбоотой юм. Эрх чөлөөг бид өөр өөрөөр ойлгож байна. Америкт сая гаруй хүүхэд ор сураггүй болсон гэдэг. Саятнуудынх нь дэргэд үгээгүй ядуус, гуйлгачид амь зуудаг гэлцдэг. Гэтэл манайд ийм хачин жигтэй үзэгдэл алга. Америкчууд та нар сав л хийвэл “Эрх чөлөө!” гэж уухай хашгирдаг. Тусгаар тогтнолын тунхагаа батлагдсанаас хойш л та бүхэн эрх чөлөөний талаар ухууллаа.
Бид ч бас хүн бүр тэгш эрхтэй гэдэгт бат нот итгэдэг. Гэхдээ биднээс ялгаатай нь та нар эрх чөлөөгөө эдэлье гэж ярих хэрнээ боолуудаа чөлөөлөөгүй. Саяхныг хүртэл өнгөт арьстнуудаа үндэсний шигшээ багтаа тоглуулдаггүй байсан шүү дээ.
Тийм байж улс орноо дэлхийн хамгийн эрх чөлөөтэй улс гэж ярьсаар л байна. Танай сайхан, эрх чөлөөт улс индианчууд яаж хүйс тэмтэрлээ дээ? Аргентин, Чилид ямар гээчийн дарангуйлал тогтоож, хэдэн сая гэмгүй хүний аминд хүрлээ? Одоо бүр арьсны үзлийг төрийн бодлогоо болгосон Өмнөд Африкийг өмгөөлж, хамгаалж байна.
Коммунист үзэлтэй Америкийн иргэн эх орондоо үнэхээр эрх чөлөөтэй байж чадаж байна уу? Төрийн департаментад алба хашиж, зурагтаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэвлэлийн хуудсанд хүссэнээ бичиж чадах уу? Та бүхэн биднийг юу ч гэж хэлж болно. Гэхдээ манай тогтолцоо танайхаас хамаагүй цэвэр, илүү ил тод. Учир нь бид дэлхийн хамгийн сайхан улс орон байх гэж дүр эсгэдэггүй.
-Кубад тэгвэл хүссэн бүхнээ илэрхийлэх чөлөөтэй гэж үү. Таны үзэл баримтлал, төрийн бодлогыг эсэргүүцэж, шүүмжилсэн нийтлэл сонинд хэвлэгдлээ гэхэд юу болох вэ?
-Хувьсгалыг эсэргүүцсэн хэнбугай ч манай төрийн хэвлэлүүдэд нийтлэл, өгүүлэл гаргах эрхгүй. Энэ нь надтай холбоогүй. Манай тогтолцоонд үүнийг зөвшөөрдөггүй юм. Америкт ч бас ийм зүйл бий шүү дээ. Та нараас ялгаатай нь бид хориотой зүйлсээ нууж хаадаггүй.
Коммунист хүн танай “The New York Times” юм уу, “The Washington Post” сонинд үзэл бодлоо илэрхийлэг. Эсвэл CBS сувгаар ярилцлага өгөг. Тэгсний дараа л бид хувьсгалын эсэргүү нарт сонин хэвлэлийнхээ үүдийг нээж өгье. Болох уу? Та бүхэн эхлээд үлгэр жишээ бол л доо.
-Та хувьсгалаас өмнө олон удаа хоригдож байсан. Тэр үеийнхээ талаар ярихгүй юү?
-Би торны цаана хүртэл өөрийн хүрээллийг үүсгэж, хоригдлуудад түүх, улс төр, философийн хичээл заахаас эхлээд бослого тэмцэл үүсгэж, Батистагийн хүмүүст амар заяа үзүүлдэггүй байсан болохоор намайг ганцаарчлан хорих нь их байсан. Нэг өдөр Фульхенсио Батиста миний хоригдож байсан арал дээр ирж, нэг жижигхэн үйлдвэр нээх ёслолд оролцдог юм байна.
Тэгэхэд би хувьсгалч нөхөдтэйгөө нийлж эсэргүүцлийн дуу дуулж, түүнээсээ болж бүтэн жил тусгаарлагдсан даа. Гэхдээ шоронд өнгөрүүлсэн хоёр жил гаруйн хугацаа надад тун гайхамшигтай нэг зүйл бэлэглэсэн нь ном юм. Хоригдож байгаа бидэнд цаг заваас их юм байхгүй. Тэгээд л цаг нөгцөөхийн тулд өдөрт 14-15 цаг ном уншина. Би тэр үед л Марксын бүтээлүүдийг маш сайн судалсан юм.
-Гэхдээ та түүнээс өмнө марксист байсан биз дээ?
-Тийм ээ. Би баригдаж, хоригдохоосоо бүр өмнө коммунист үзэлтэй болоод байлаа. Эхэндээ бол эдийн засгийн хэдэн ном уншаад л капитализмын солиорлыг ойлгож, бүр утопи гэж болох коммунист үзэл баримтлалтай байсан.
Харин хуулийн ангид сурсан хоёр дахь жилээсээ Марксын онолуудыг илүү сайн ойлгож, хожим шоронд байхдаа бүр өргөн хүрээнд судалсан. Хэрэв Марксыг тэгж сонирхоогүй бол би Батистагийн эсрэг тэмцэлд анхнаасаа нэгдэхгүй байх байсан юм.
-Хоёулаа ирээдүйг төсөөлөх гээд үзье. АНУ Кубын эсрэг тогтоосон эдийн засгийн хоригоо өнөөдөр гэнэт цуцалж гэмээнэ юу болох бол?
-Үнэнийг хэлэхэд Америкт бидэнд хэрэгтэй зүйл маш цөөхөн. Америкчууд бидэнд юу санал болгож чадах юм бэ? Куба, Америкийн хооронд гэнэтхэн худалдаа хийж эхэллээ гэхэд бидэнд ч бас америкчуудад зарах бүтээгдэхүүн байхгүй.
Учир нь бид ирэх таван жилд үйлдвэрлэх экспортын бараа бүтээгдэхүүндээ аль хэдийнэ худалдан авагч олчихсон. Тэгээд ч “Үхрийг ямаагаар сольдоггүй” гэдэг ардын үг бий шүү дээ.
-Та илтгэл, ярилцлага зэрэгтээ уран зохиолын ном бүтээлээс маш их эш татдаг. Энэ их ажлын хажуугаар ном унших цаг зав гаргаж чадаж байна уу?
-Өөрөө л хойш суухгүй бол ном унших цаг хэзээд гардаг юм. Бага байхдаа би уран зохиолын голдуу ном уншдаг байлаа. Өгүүллэг, романыг хэдэн зуугаар нь уншсан. Харин ид залуудаа эдийн засаг, түүх, улс төр, нийгмийн сэдэвтэй ном уншдаг болсон. Зөвхөн дурсамж дурдатгалын, дайн дажны ном шилж сонгон уншиж байсан үе ч надад бий.
Байн байн эргэж хардаг, унших бүрт сонин сайхан санагддаг хэдэн номтой. Тухайлбал, “Дон Кихот” байна. Энэ номыг би хувьдаа түүхэн дэх хамгийн гайхамшигтай бүтээлийн нэг гэж боддог. Бараг өдөр бүр аль таарсан хэсгээ уншдаг даа. Би бас Хемингуэйн хэвлүүлсэн болгоныг, Гарсиа Маркесийн бичсэн бүхнийг уншсан. Маркес бид хоёр сайн найзууд болохоор түүнийг энд магтаж, сайшаах нь илүүц байх.