БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэг эсэргүүцсэн жагсаал яг одоо тус улсад болж буй. Орой 18.00 цагийн байдлаар 800 мянган иргэн цугларч байсан бол 21.00 цагийн үед энэ тоо 1.9 саяд хүрлээ гэж албаны эх сурвалж мэдээллээ. Ингэснээр ерөнхийлөгчийн эсрэг жагсаалаас хамгийн олон хүн цугларсан нь болж байна.
Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр 1500 гаруй иргэний хөдөлгөөн байгаа гэж онцолсон юм. Жагсагчид ерөнхийлөгчийн ордоноос 200 метрийн зайтай, "Пак Гын Хэг баривчил", "Түүнийг саатуул" гэсэн уриа лоозон барьсан аж.
Түүнчлэн цагдаагийн газраас аюулгүй байдлыг хангах үүднээс 25 мянган цагдаагийн бие бүрэлдэхүүн хамгаалалтад гарсан байна.
Ерөнхийлөгчийн төрөлх нутаг Тэгү хотод оройн 18.00 цагийн байдлаар 20 мянган иргэн жагсаж байлаа. Энд нийт 71 иргэний хөдөлгөөн нэгдсэн бөгөөд энэ сарын 19-нд 5000 гаруй хүн цугларсантай харьцуулахад нэмэгдсэн тоо юм. Түүнчлэн Пак Гын Хэг дэмжигч 3000 гаруй хүн мөн цугларсан ба цагдаагийнхан элдэв мөргөлдөөн гараагүй гэж мэдэгджээ.
Бусан хотод 100 мянган хүн цугларсан жагсаал болжээ. Тэдгээрийг 1000 гаруй цагдаагийн албан хаагч хянаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт 50000 хүн жагссантай харьцуулахад мөн л нэмэгджээ.