Кубын хувьсгалын их удирдагч Фидель Кастро 90 насандаа таалал төгслөө. Түүнийг баасан гаригт орон нутгийн цагаар 22.29 минутад бурхан болсон гэж тус улсын төв телевизээр одоогийн удирдагч дүү Рауль Кастро нь албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр 1959-2006 он хүртэл Кубын удирдагч байсан юм. Бие нь өвдөх болсноос хойш дүү Рауль Кастродоо эрх мэдлээ шилжүүлсэн юм. Түүнийг БНХАУ-ын Мао Зедун, БНСУ-ын Ким Ил Сун, ЗХУ-ын Никита Хрущёв, Леонид Брежнев нараас хойших хамгийн сүүлчийн коммунист удирдагч гэж үзэж байв.
Ф.Кастро 1959 оны хоёрдугаар сард оюутнуудын бослогын дэмжлэгтэйгээр Кубын ерөнхий сайд болсон. Энэ үеэс хойш төрийн эрх мэдлийг атгаж, хөрш АНУ-тайгаа түнжин хагарч эхэлсэн юм. Кастро болон Латин Америкийн хувьсгалын удирдагч Че Гуевара нар АНУ-ыг эсэргүүцэж эхэлсэн. Тэрбээр 1976 оноос БНКУ-ын төрийн Зөвлөлийн болон Сайд нарын Зөвлөлийн тэргүүний албыг 2008 оны хоёрдугаар сар хүртэл хашсан. 1965 оноос хойш нас барах хүртлээ Кубын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа.
Кастро чинээлэг гэр бүлд өссөн бөгөөд хуульч мэргэжлээр суралцсан юм. Нутагтаа энэ чиглэлээр суралцаж байхаасаа л улс төрийн тавцанд танигдаж, улс орондоо ноёрхож байсан Батистын харгис дарангуйлалыг таслан зогсоосон юм.
Харамсалтай нь 2006 оноос хойш түүний бие чилээрхэж, хүнд өвчтэй болох нь тогтоогдсоноор эрх мэдлээ дүүдээ шилжүүлсэн. Түүний дүү нь төрийн тэргүүн болсноос хойш Куба-АНУ-ын харилцаа сэргэж байгаа билээ.