БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах ард түмний жагсаал бямба гаригт буюу өнөөдөр болно. Уг жагсаалд эрчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд нийлсэн хоёр сая хүн оролцоно гэж шинжээчид үзэж байна. Тав дахь эсэргүүцлийн жагсаал өмнөхөөсөө ч илүү сүртэй, зөвхөн Сөүлийн төвд төдийгүй Өмнөд Солонгосын 50 гаруй хотод жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэдний таамаглалд "Энэ сарын 12-нд болсон жагсаалд нэг сая гаруй хүн оролцсон. 19-нд болсон жагсаалд ч бас сая гаруй хүн цугларсан. Харин өнөөдөр хоёр сая гаруй лаа түүний эсрэг асах болов уу" гэж бичсэн юм.
Жагсаалын түрүүч 13.00 цагаас эхэлсэн бөгөөд оргил үе нь 18.00 цагийн үед болно гэж үзэж байна.
Энэ удаагийн жагсаалд үндэсний фермерүүдийн холбооноос 1000 трактортой жагсаал хийхээр болжээ. Үүгээр ч зогсохгүй улсын 20 гаруй коллежийн сурагчид эсэргүүцлийн жагсаалд нэгдэх бөгөөд Сөүлийн үндэсний их сургуулийн оюутнууд энэ сарын 30-нд хичээлдээ явахгүй, ерөнхийлөгчөө эсэргүүцэж буйгаа илэрхийлэх аж.