Узбекистаны тэрбумтан, дарангуйлагч асан Ислам Каримовын том охин Гулнара Каримоваг сүүлийн хоёр жил хэн ч хараагүй юм. Тэгвэл Узбекистан болон ОХУ-ын хэвлэл мэдээллээр түүнийг хордож амиа алдсан хэмээн таамаглаж, элдвээр бичих болжээ. Түүнийг эцэг нь хэл аманд орсноос хойш буюу 2013 оноос олны хэл амнаас дайжиж амьдарч буй, энэ жил 44 настай түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа эсвэл гэрийн хорионд орсон гэж үзэж байгаа бол зарим нь Израильд амьдрах болсон гэж таамаглаж байсан юм.
Тэгвэл Төв Азийн орны нэгэн цахим хуудсанд дурдсанаар цагтаа дуучин, модель байсан Гулнараг энэ сарын 5-нд нийслэл Ташкентэд байхдаа амиа алдсан, түүнийг хордуулж алсан гэж бичжээ.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр тэр өөрийн биеэр оршуулганд оролцсон бөгөөд экс ерөнхийлөгчийн том охиныг оршуулах ёслолд хэдхэн хүн, хувийн утасны чатаар мэдээлэл дамжуулсан, тиймээс тэр бүр хүн мэдээгүй гэж ярьсан гэнэ.
Түүнчлэн дарангуйлагч асаны хүү, охин нар нь Ташкент хотыг орхисон. Одоогоор тэдний хаана амьдарч буйг хэлэх боломжгүй ч туслалцаа хэрэгтэй байгаа гэж онцолжээ. Түүний хүү Ислам нь Лондонд амьдарч байгаа аж. Одоогийн эрх баригчид энэ хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.