БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбоотой бас нэг хэрэг мандав. Тус улсын Эрүүл мэнд, даатгалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын нотолсноор өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын "Pfizer" компанийн үйлдвэрлэсэн виагра эм 60 хайрцаг, Өмнөд Солонгосын "Pal Pal" компанийн бүтээсэн виагра 300 хайрцаг (нэг хайрцагт 4 ширхэг) бэлдмэлийг ерөнхийлөгч худалдаж авсан гэж мэдэгджээ. Энэ бэлдмэлийг авахдаа төрийн мөнгө ашигласан гэж албаны хүмүүс мэдэгдэв. Тус агентлаг Ардчилсан намын нөлөө бүхий лидер Ким Сан Хеегийн хүсэлтээр ерөнхийлөгчийн захиалгын түүхийг шалгасан байна.
Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн энэ хэрэгт түүний эртний анд, одоо авилга хээл хахуулийн хэрэгт холбогдоод буй Чой Сун Силтэй бас холбогдож буй бололтой. Учир нь тэд хамтдаа хөгшрөлтийг удаашруулах зорилгоор витамин, амин дэм авдаг байсан бөгөөд уг жагсаалтад нь виагра бэлдмэл багтсан аж.
Энэ үйл явдал угаас ерөнхийлөгчийнхөө эсрэг босож байсан Өмнөд Солонгосчуудын бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Цахим ертөнцөд түүнийг огцруулах асуудал эрчимтэй яригдаж байсан нь улам эрчээ авав. Гэхдээ хамгийн гол асуудал нь яагаад эрчүүдэд зориулсан бэлдмэлийг ерөнхийлөгч захиалдаг нь хачирхалтай байгаа юм.
Хоёр жилийн өмнө Севол хөлөг онгоц сүйрч, 300 гаруй хүний алтан амь үрэгдсэн үед ерөнхийлөгч долоон цаг алга болсон нь одоо хэр түүнийг харлуулдаг. Тэгвэл эдгээр эмнүүд түүнийг алга болсон шалтгаантай холбоотой гэж үзэх ч хүмүүс үзэж байна.
Харин ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч түүнтэй холбоотой виагра бэлдмэлийн талаарх цуурхлыг үгүйсгэв. Тэрбээр эдгээр эмийг өнгөрсөн тавдугаар сард Этиоп, Уганда болон Кени зэрэг улсад айчлахад зориулж худалдаж авсан гэж тайлбарлав. Гэхдээ тэр эдгээр эмийг огт ашиглаагүй, виагра бэлдмэл өвчин, өвдөлт намдаах болон дархлаа сайжруулахад үр дүнтэй болохыг тайлбарлаж, энэ талаас нь холбосон ойлголтыг иргэдэд өгөхийг хичээв.
Гэхдээ өвчин намдаагч болон дархлаа сайжруулахад яагаад заавал ВИАГРА худалдаж авсныг иргэд ойлгохгүй байгаа юм.