АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч, 70 настай Доналд Трампын гэргий, ирээдүйн тэргүүн хадагтай Меланиа Трамп болон хүү Баррон Уильям Трамп нар шинэ төрийн тэргүүнийг тангараг өргөсний дараа ч Цагаан ордонд амьдрахгүй гэж албан ёсоор мэдэгдэв. Гэхдээ хадагтай Трамп ирэх зургадугаар сар хүртэл одоо амьдарч буй Манхаттен гудамжны байрандаа амьдрах юм. Учир нь өдгөө 10 настай хүүгийнхээ энэ жилийн сургалтыг хуучин сургуульд нь дуусгахын тулд ноён, хадагтай Трамп ийм шийдвэрт хүрчээ.
Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Д.Трампыг Цагаан ордонд амьдрах эсэх асуудал олны анхаарлын төвд байв. Зарим нь тансаг амьдралд дуртай тэрбумтныг Цагаан ордонд бус өөрийн харшдаа амьдрах болов уу гэж таамаглаж байсан. Гэхдээ ерөнхийлөгч өөрөө эртнээс түүхтэй ордонд амьдрахаа мэдэгдсэн. Харин тэргүүн хадагтай болон бага хүүгийнхээ тухайд ирэх зургадугаар сараас нүүж ирнэ гэж ярьжээ. Цагтаа модель, сайхан бүсгүйчүүдийн тоонд орж, нүцгэн зурагаа хүртэл авхуулж явсан хадагтай Трамп хүүгийнхээ боловсролд их анхаардаг, өөрөө ч сайн ээж байхыг хүсдэг гэдгээ нэг бус удаа илэрхийлж байв. Тиймээс ч хадагтай Трамп заримдаа хүүгээ өөрөө авдаг гэнэ.
Гэхдээ тэргүүн хадагтай урьдынх шигээ тэрбумтны эхнэр байхаа больсон. Тэрбээр ерөнхийлөгчийн гэргий тул улсаас тусгай хамгаалалт гаргаж өгч, өмнөх тэргүүн хадагтай нарын эдэлдэг эрх ямбыг эдлэх нь тодорхой. Нью-Йорк хотын захирагч Билл де Бласио хэвлэлийнхэнд өгсөн ярицлагадаа "Тэргүүн хадагтайн аюулгүй байдлыг хамгаалах нь бидний хувьд нэгдүгээрт тавих зүйл" гэж онцлов.