Грекийн Родос хотод болсон шатар сонирхогчдын ДАШТ-д 53 орны 245 тамирчин гадаад чансааны оноо 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн гурван ангилалд оюунаа сорив. Манайхаас 2300 хүртэлх ангилалд Б.Амин-Эрдэнэ аваргаар тодорч, Х.Өлзийхишиг хүрэл медаль хүртлээ. 2000 хүртэлх ангилалд Ц.Сайханчимэг түрүүлж, Монголын багт хоёр дахь алтан цомыг авчирсан юм. Тус ангилалд оролцсон шатарчдаас А.Эрхэмбаяр удаалж, Д.Өнөрзул III байрт шалгарлаа. 1700 хүртэлх ангилалд Б.Ану мөнгө, Л.Сумъяа хүрэл медаль зүүжээ. Монголын баг өнгөрсөн жил эл тэмцээнээс дөрвөн алт, тус бүр нэг мөнгө, хүрэл медальтай ирж байв.
Ташрамд дуулгахад, Монголын шатрын холбооны төлөөлөгч, их мастер А.Энхтуулын 2022 оноос хойш эхлүүлсэн ажлын үр дүнд сурагчдын Ази тивийн АШТ-ийг Улаанбаатарт ирэх жил зохион байгуулахаар болжээ. Олон улсын шатрын холбоо энэ тухай цахим хуудсандаа нийтэлж, 2025 онд болох төлөвлөгөөт тэмцээнүүдийнхээ хуваарийг танилцуулсан байна.