УИХ дахь АН-ын бүлгийнхэн ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж АН-ынхан сөрөг хүчний хувьд ирэх оны улсын төсвийг хэлэлцэж буй энэ үед зохих ёсны шүүмжлэл, байр сууриа илэрхийлсээр буй гэдгийг хэлсэн. Тэрбээр “Сайд нарын урсгал зардал замбараагүй нэмэгдсэн. Нэг хурал, чуулган зохион байгуулахад л 300, 400 сая төгрөг зарцуулах нь. Мөн тэдний бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал нь нийт 4.1 их наяд төгрөгөөр хэмжигдэх жишээтэй. Эдгээр асуудлыг шүүмжилсэн цөөнхийн үгийг эрх баригч намынхан хүлээж авахгүй байгаа” гэв.
Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зардал 4.6, Боловсролын сайдынх 4.5 их наяд төгрөг буюу хамгийн их мөнгө тусгуулсан байна. Эрүүл мэндийн сайдын зардалд 1.8 их наяд төгрөг тусгасан зэргээс үзвэл манай улс ирэх онд ч нийгмийн хамгаалал, халамжид их хэмжээний мөнгө зарцуулахаар харагдаж буй” гэв. Харин МАН-ын бүлэг хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй.
М.Гэгээ