Нийслэлийн ИТХ-д МАН-ынхан нийт сонгогчийн 20 хувийн саналаар үнэмлэхүй олонх болсны дараа л улс төрийн бусад намынхан гэнэт сэржээ. Төлөөллийг бүрэн хангахгүйгээр, цөөнхийн саналаар олонх болох боломж бүрдүүлэхийн тулд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд 2020 онд Ардын намынхан өөрчлөлт оруулж, ирцийн 51 хувийн босгыг байхгүй болгосныг бусад нь сая нэг ойлгож буй бололтой юм. АН, ИЗНН-ынхан уг хуульд өөрчлөлт оруулж, ирц нэмэгдүүлж, төлөөллийг хангахад анхаарсан төсөл санаачлахаа мэдэгдлээ. Нөгөө талаар хүчтэй сөрөг хүчин болооч хэмээн итгэж сонгосных нь хариуд эрх мэдлийг илүүд үзсэн АН, ХҮН намынханд иргэд дүн тавьсан. Тэгвэл энэ “гурвалжин”-д оролцоогүй, парламентад сөрөг хүчин байх үүрэг хүлээсэн ИЗНН-ынхан сүүдрийн Засгийн газар байгуулах шийдвэр гаргажээ. Эрх баригчдад хяналт тавих сайн дурын үүргээ илүү өргөн хүрээнд гүйцэтгэх ёстой гэж үзсэн аж. Гэвч УИХ-д дөрвөн төлөөлөлтэй, тэд нь эдүгээ дотроо талцаад буй энэ намынхны уг зорилго хэр зэрэг бодит байх бол.
М.Нарантуяа-Нарад хариуцлага тооцох уу
Нийгмийн сүлжээнд ямар нэг байдлаар байнга л олны анхаарлыг татаж байдаг бүсгүй бол М.Нарантуяа-Нара. Дуучин гэх тодотголтой байсан эл эмэгтэй одоо УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр УИХ-ын сонгуульд хоёр удаа бие даан нэр дэвшсэний эцэст ганцаараа хол явахгүйгээ ойлгож, намын хаяа бараадсан юм. ИЗНН-аас түүнд намын дэд даргынхаа албан тушаалыг санал болгож, тэрбээр ч сонгуулийн сурталчилгаанд олонд танигдсан нэр нүүрээ нэлээд ашигласан байх. ИЗНН бол байгуулагдсан цагаасаа буюу 2000-2012 оны сонгуулиар парламентад тасралтгүй 1-3 суудал авч ирсэн цорын ганц гуравдагч хүчин. Харин үүнээс хойш тэд хоёр удаа “өнжиж”, мартагдах тийш хандаад байсан юм. ИЗНН-ынханд намынхаа нэрийг сэргээхэд уг бүсгүйн олонд танигдсан дүр төрх, нэр нөлөө хэрэгтэй байсан. Нарагийн нэрээр цөөнгүй хүн ИЗНН-д саналаа өгснийг ч үгүйсгэхгүй. Нөгөө талаас тулхтай, нэр цэвэр ч парламентад байнга шахам төлөөлөлтэй явж, тодорхой үүрэг гүйцэтгэсээр ирсэн энэ намын нөмөр түүнд хэрэг болсон. Ингээд хэн хэнийх нь эрх ашиг, зорилго биелж, Нара гишүүн болж, ИЗНН-аас сонгогчдын саналаар нийт дөрвөн төлөөлөл парламентад сонгогдсон. Гэхдээ ингээд л тэдний “хамтын ажиллагаа” дуусчихав уу гэмээр үйл явдал өнгөрсөн долоо хоногт болов.
УИХ-ын нэгдсэн чуулганаар улсын ирэх оны төсвийг хэлэлцэж буй. Гэвч гишүүдийн асуултад тодорхой хариулт өгөх салбарын сайд нарын оролцоо, ирц тун хангалтгүй. Үүнээс гадна зарим гишүүн ч ажилдаа хариуцлагатай хандаж чадахгүй байна. Хуруугаа уншуулж, ирцээ бүртгүүлчхээд гараад явчихдаг, чуулганы хуралдааныг өрөөнөөсөө үздэг, үг хэлэх цаг нь болохоор танхимд орж ирж хэсэг “попордог” гишүүдийг М.Нарантуяа-Нара баасан гаргийн чуулганы үеэр шүүмжилсэн юм. Ингэхдээ тэрбээр намын даргаа ч хамруулав. “Сөрөг хүчин хийж буй Үндэсний эвсэл, ИЗНН-ын дарга нар нь ирцээ бүртгүүлчхээд гараад явдаг, ерөөсөө хуралдаа суудаггүй. Манай нам сүүдрийн Засгийн газар байгуулна гэж гайхуулаад байх юм. Энэ танхим дотор юу болж буйг мэдэхгүй байж яаж хяналт тавих вэ. Тэгчхээд худлаа попроод яваад байна. Тиймээс ирцээ бүртгүүлчхээд, нэг цагаас илүү хуралдаа суугаагүй хүмүүсийг тасалснаар тооцдог болъё” гэсэн юм. Иргэдийг төлөөлж, тэдний эрх ашгийг хамгаалах бодлого батлахын төлөө ажиллах учиртай ч ийнхүү хайнга хандаж буй гишүүдэд дайсан түүний үг зөв. Харин ийнхүү шүүмжилсэнд намын дарга нь гомдсон бололтой. Чуулганыг уртасгасан цагаар хуралдуулсан тул энэ өдөр гишүүдэд зориулан танхимын үүдэнд хоолоор үйлчилсэн гэнэ. Тэр үеэр М.Нарантуяа-Нара гишүүн өрөө рүүгээ орж, цэнэглэгчээ аваад, эргэн ирж хооллож байх зуурт ИЗНН-ын дарга буюу гишүүн Б.Батбаатар он, сар, цаг, минут тавьж байгаад Нарагийн ширээ эзгүй зураг постолж, “Чуулганы танхимд яг одоо 2025 оны улсын төсөв хэлэлцэж байна. С.Замира гишүүн ажилласаар л..” гэсэн байна. Нэг намын гишүүд зэрэгцээд суудаг юм. Ирцээ бүртгүүлчхээд гараад явдаг гэсэн шүүмжлэлд нь ийнхүү хариу барьсан аж. Уг нь өнөөх нь өдөржин хуралдаа сууж байгаад түр гарсан юм билээ л дээ. Ингээд “Б.Батбаатар аа, галзуураад байгаарай. Үүдэнд хамт хоол идэж байсан олон гишүүн батална. Өөрөө өдөржин хуралдаа суугаагүй байж түр гарах зуурт ийм пост оруулдаг ямар өчүүхэн амьтан бэ” хэмээн хариу бичжээ. Уг нь нэг танхимд тохой залгаад сууж байгаа, бас нэг намын дарга, дэд дарга хүмүүс уулзаад, эсвэл ядаж утсаар ярилцаж болох ч нийгмийн сүлжээгээр хэрүүлээ дэлгэхийг илүүд үзэв.
Намын даргынхаа сүүдрийн Засгийн газар байгуулах санаачилгыг гишүүн бүсгүй үл тоож буйн цаад шалтгаан нь юу байв. Уг нь УИХ-ын сонгуулиар хэн хэндээ ашигтай ажилласан биш бил үү. Магад сүүдрийн Засгийн газарт дэд даргадаа албан тушаал оноогоогүйгээс гишүүн эмэгтэйг уурлуулав уу. Эсвэл намын даргынх нь хэлснээр ИЗНН-ыг дотор нь хагаралдуулах “хатгаас” байв уу. Юутай ч намын бодлогоо сөрсөн зүйл ярьсны төлөө түүнийг дэд даргаас нь буулгаж мэдэх гэнэ. Гишүүн ч өөрөө энэ талаар “Сонгуулиар манай намын дарга эрх ашгийг улсын, намын, бүлгийн, хувийн гэж эрэмбэлэхээ амласан. Гэтэл амлалтдаа хүрэх нь байтугай хуралдаа суухгүй байхаар бид яаж сөрөг хүчин хийх юм гэж эргэлзэж, бухимдсан. Үнэнийг хүний, өөрийнгүй хэллээ. Үүнээс болоод намайг намаас шахах, эсэх нь сонин биш байна” гэжээ. Тэгвэл ИЗНН-ын дарга Б.Батбаатар гишүүнээс сэтгүүлч энэ талаар байр суурийг нь асуухад “Бидний дунд нэг их зөрчил гарсан гэж харахгүй байна. Ер нь УИХ-ын гишүүдийн 80 хувь нь шинэ учраас танин мэдэхүйн шинжтэй зүйл их асууж, бага ангийн сурагчид шиг зүйл ярьдаг. М.Нарантуяа-Нара гишүүнд туршлага дутаж буй байх. Өөр хүмүүс янз бүрийн байдлаар араас нь түлхдэг байхыг үгүйсгэхгүй, эсвэл өөрөө ч үзэл бодлоороо хандаж байж мэднэ. Яваандаа гайгүй болох байх. Зааж зөвлөх, илүү дутуу зүйл ярихын оронд эхлээд өөрөө сурсан нь дээр биз ээ. Шинээр сонгогдсон гишүүд өөрийгөө бүх зүйлийг мэддэг боллоо гэж ойлгодог юм, тэр үе дээрээ л яваа болов уу” гэжээ.
Зарлаад л таг болдог жишиг
УИХ дахь МАН, АН, ХҮН намаас бүрдсэн 118 гишүүнтэй “бүдүүн” бүлэгт хяналт тавих зорилгоор сүүдрийн Засгийн газар байгуулах шийдвэрийг ИЗНН-ын Улс төрийн зөвлөлөөс гаргасан юм байна. Ойрын хугацаанд бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны хөтөлбөр зэргээ тэд тодорхойлох гэнэ. Намын дарга учраас Б.Батбаатар гишүүн Ерөнхий сайд нь болох биз ээ. Тус намынхан орон нутгийн сонгуульд нийт 220 хүн нэр дэвшүүлснээс Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-д дөрвөн гишүүн нь сонгогдсон юм билээ. Мөн УИХ-ын сонгуулиар авсан сонгогчийн санал нь 1.6 дахин өссөн ахиц гарсныг тайлагнажээ. Сүүдрийн Засгийн газар нь сонгогч бүрийн эрх ашгийн төлөө ажиллах зорилготой юм байна.
Ер нь сүүдрийн Засгийн газрыг сөрөг хүчний зүгээс байгуулдаг уламжлалтай. Анхны ийм Засгийн газрыг мөн л ИЗНН-ынхан 2004-2006 онд байгуулсан түүх бий. Тухайн үед Иргэний зориг болон Бүгд найрамдах нам нэгдсэн байсан бөгөөд парламентад нэг суудал авчээ. 2004 оны сонгуулийн дараа байгуулагдсан Их эвслийн Засгийн газар огцорсны дараа тус намынхан хоёр жилийн турш “сүүдэрт” ажилласан байх нь. Мөн 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, Ч.Сайханбилэг орыг нь авсны дараа парламентад суудалгүй Монголын ногоон, Иргэний хөдөлгөөний, Хамуг Монгол хөдөлмөрийн зэрэг таван нам хамтран сүүдрийн Засгийн газар байгуулснаа зарлаж байв. Тэд Ерөнхий сайдгүй ажиллана гэснээрээ онцлог байлаа. Хожим АН-ын зүгээс С.Эрдэнэ 2018, 2022 онд сүүдрийн Засгийн газар байгуулсан юм. 2022 онд буюу хамгийн сүүлд байгуулсан Засгийн газрыг Ч.Сайханбилэг тэргүүлэх тухай мэдээлэл ч гарсан. Энэ мэтээр сүүдрийн танхим байгуулснаа зарладаг ч яаж ажиллаж, ямар үр дүн гарсан тухай мэдээлэл байдаггүй, тэгсхийгээд таг болдог.
Парламентад дөрвөн гишүүнтэй ИЗНН-ынхан хоёр дахь удаагаа ийнхүү сүүдрийн Засгийн газар байгуулах оролдлого хийж байна. Тэд танхимдаа Үндэсний эвслийг урихыг ч үгүйсгэхгүй юм. Гэхдээ дөрөвхөн гишүүн нь дотроо хоёр хуваагдаад буй учраас байгуулах танхим нь амжилттай ажиллана гэдэг нь эргэлзээ төрүүлнэ. Өмнөх шигээ зарлаад л чимээгүй болох уу, сөрөг хүчний үүргийг гайгүй сайн гүйцэтгэж ажиллах уу. Нөгөө талаас Монгол Улсад сүүдрийн Засгийн газар ажиллах хууль, эрх зүйн орчин үгүй. Англи улсад сүүдрийн Засгийн газрын тогтолцоо ихэд хөгжсөн гэж үздэг. Тэнд хоёрдогч танхимын сайд нар нь албан ёсныхтойгоо ижил мэдээллээр хангагддаг, улсын төсвөөс сүүдрийн Засгийн газарт тодорхой мөнгө хуваарилж, өрөө, танхимаар хангадаг аж. Анхны сүүдрийн танхимыг байгуулахдаа ИЗНН-ын тухайн үеийн удирдлагууд ч ийм хууль, эрх зүйн дэмжлэг хэрэгтэй тухай ярьж байжээ. Гэвч манай парламентад УИХ дахь сөрөг хүчнээ дэмжсэн олигтой зохицуулалт ч байдаггүй. Ганц хоёр байнгын хороог сөрөг хүчнээс даргалуулах тухай заалт л бий. Ийм байхад сүүдрийн хэмээх “хийсвэр” бүрэлдэхүүнд зориулж хууль, эрх зүйн орчноо өөрчлөх сонирхол эрх баригчдад бол бүр ч үгүй болов уу. Зарлаад өнгөрөх биш, хяналт тавьж, эрх баригчдын бурууг шүүмжилж, зөв рүү чиглүүлэх бодит ажил хийхийн тулд эхлээд Англи шиг орчноо бүрдүүлэхэд анхаарах учиртай. Тиймээс ИЗНН-ынхан санаачилгаа бодит болгохын тулд сүүдрийн Засгийн газар ажиллах боломж бүрдүүлэх хуулиа эхлээд санаачилсан нь дээр болов уу.