Засгийн газар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлж, уул уурхайн олборлолтын нөлөөгөөр эвдэрсэн 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Тэгвэл холбогдох яамд, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтран ажилласны үр дүнд эл зорилтыг давуулан биелүүлээд буйг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт, үнэлгээ, аудитын газраас мэдээллээ.
Тодруулбал, дээрх арга хэмжээний хүрээнд сүүлийн дөрвөн жилд нийт 9773 га талбайг нөхөн сэргээжээ. Энэ оны эхний арван сарын байдлаар 1500 орчим га талбайг “эмчилсэн” байна. Биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4.2 га буюу 2.1, техникийнх 31.7 га буюу долоон хувиар өсжээ. Одоогийн байдлаар гэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог 64 аж ахуйн нэгж уул уурхай, авто зам, барилгын ажлын улмаас эвдэрсэн 644 талбайг нөхөн сэргээхээр ажиллаж байна.