Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байшин шатаж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, тус дүүргийн нэгдүгээр хороонд байшин шатаж байна гэх дуудлага өчигдөр 01.41 цагт Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж, гурван метр хашаа, 5х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраажээ. Галд 49 настай эрэгтэй өртөж, амиа алдсаныг тус дүүргийн цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 44 сумд аюулт үзэгдэл, ослын 124 дуудлага бүртгэгдсэн гэнэ. Үүний 106 нь гал түймэртэй холбоотой байж. Иймд иргэд болзошгүй эрсдэлээс дор бүрнээ урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлаа хангах шаардлагатайг дээрх байгууллагаас анхаарууллаа.
У.СҮРЭН