Үндэстнүүдийн лигийн А лигийн II хэсэгт багтсан Франц, Бельгийн багууд өнгөрсөн даваа гарагт учраа таарч тоглолоо. Хөл бөмбөгийн баялаг өв уламжлалтай эл хоёр гүрний шигшээ баг сүүлийн зургаан жилд тав дахь удаагаа тоглосон нь энэ. Эдгээр таван тоглолтоос хамгийн чухал нь 2018 оны ДАШТ-ий хагас шигшээ байсан юм. Тэрхүү хүнд тулаанд Д.Дешамын баг С.Юмтитигийн гоолын ачаар ялалт байгуулж, улмаар түрүүлсэн бол ялагдсан бельгичүүд хүрэл медальтай нутаг буцсан. Түүнээс хойш Бельгийн алтан үеийнхэн асар их өөрчлөгдөж, шигшээ багаас олон чухал тоглогч нь зодог тайлжээ. Тэд өдгөө чухам хаана явна вэ?
Тибо Куртуа, хаалгач, 32 нас
Тибо 2018 оны ДАШТ-ий шилдэг хаалгач болж, наймдугаар сард нь Испанийн “Реал” багт очсон. Улмаар Испанийн АШТ-д гурав, “Аваргуудын лиг”-т хоёронтоо түрүүлжээ. Өнгөрсөн улирлыг бараг бүтэн өнжсөн ч “Аваргуудын лиг”-ийн финалд “Борусси” багийн эсрэг тоглож байв. Гэхдээ “Евро-2024” тэмцээнд оролцоогүй. Учир нь Тибо ерөнхий дасгалжуулагч Д.Тедескотой тааруу харилцаатай юм.
Винсен Компани, хамгаалагч, 38 нас
Тэрбээр 2020 онд “Андерлехт” багт тоглож байгаад зодог тайлсан. Х.Гвардьолагийн удирдлагад олон жил тоглосон нь үр дүнгээ өгч, В.Компани дасгалжуулагчийн зам руу эргэлт буцалтгүй орсон билээ. Эхлээд Английн “Бөрнли” багийг дээд лигт оруулсан. Тэгвэл өнгөрсөн зунаас Германы супер баг “Байерн”-ыг удирдаж байна. Түүний өмнө лигтээ аваргалах, “Аваргуудын лиг”-т өндөр амжилт гаргах том сорилт бий.
Тоби Алдервейрелд, хамгаалагч, 35 нас
2018 онд Тоби “Тоттенхэм” багийн тоглогч байсан бол 2022 оноос хойш Бельгийн “Антверпен”-д данстай болсон. Мөн онд шигшээ багаас зодог тайлсан бол өнгөрсөн жилийн тавдугаар сард түүний оруулсан гоол багт нь сүүлийн 66 жилд анхны аваргын цолыг авчирчээ. Өдгөө тус багтаа хүчин зүтгэж буй.
Ян Вертонген, хамгаалагч, 37 нас
Замналынхаа төгсгөлд эх орондоо эргэн ирсэн бельги хөл бөмбөгчдийн нэг. 2022 оноос “Андерлехт” багт тоглож буй бөгөөд өнгөрсөн долоодугаар сард гэрээгээ дахин нэг жилээр сунгажээ. Өмнө нь “Тоттенхэм”, “Бенфика” багт тоглож байв.
Кевин де Бройн, хагас хамгаалагч, 33 нас
2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс хойш Кевин шигшээ багтаа үргэлжлүүлэн тоглосоор буй ч өндөр амжилт гаргаагүй. Харин “Манчестер сити” багийн бүрэлдэхүүнд супер амжилтын эзэн болсоор буй. Гэвч сүүлийн үед гэмтэлд дарлуулах болсон агаад чухам ийм шалтгааны улмаас энэ сард шигшээгийн тоглолтыг өнжиж байна. Кевин шигшээ багийн тоглолтод сэтгэл дундуур байгаагаа 2018 оноос хойш илэрхийлсэн. Гэвч багаа орхих талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй.
Эден Азар, довтлогч, 33 нас
2018 оны ДАШТ-д Э.Азар тун формтой тоглож, өрсөлдөгчдийнхөө зүрхэнд шар ус хуруулж байв. Тус тэмцээнд гурван бөмбөг оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн тэрбээр багийн гол хөдөлгөгч хүч байлаа. Гэвч 2019 онд “Реал”-д очсоноор түүний карьер орвонгоороо эргэв. Байнгын гэмтэл, буруу хооллолт, дасгалжуулагчтай үүсгэсэн тааруу харилцаа түүнд саад болсон. Хэдий Эден Испанийн хошой, “Аваргуудын лиг”-ийн нэг удаагийн аварга боловч эдгээр амжилтад маш бага хувь нэмэр оруулсан. Улмаар 2023 оны зун зодог тайлж, өдгөө амрангаа хөл бөмбөгийн төрөл бүрийн арга хэмжээнд оролцож байна.
Ромелу Лукаку, довтлогч, 31 нас
ДАШТ-ий Панам, Тунисийн эсрэг тоглолтод дубль оруулснаас хойш Р.Лукака “чимээгүй” болсон. Ерөөс түүний карьер өгсөлт, уруудалтаар дүүрэн юм. Тийм ч учраас цөөнгүй баг сольж, 2018 оноос хойш “Манчестер юнайтед”, “Челси”, “Интер”, “Рома” багт тоглосон бол өдгөө “Наполи”-д хүчин зүтгэж байна. Тэрбээр формоо олохын тулд энэ он дуустал шигшээд тоглохоос татгалзсан.
Н.ЭНХ