Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Сосорбарам Арабын нэгдсэн Эмират улсад болж буй жүдо бөхийн “Абу Даби”-ийн их дуулгын тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр аваргын алтан медалийн төлөө Арабын нэгдсэн Эмират улсын өмнөөс оролцсон нутаг нэгт тамирчин Б.Хорлоодойтой барилдсан юм.
Л.Сосорбарам эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн шатанд Бразилийн бөх Лима Амандаг цэвэр ялж, хагас шигшээд Унгарын бөх Гертяс Розаг ялсан билээ.
Өдгөө 23 настай түүний хувьд “Парис 2024” зуны 33 дугаар олимпын наадамд зодоглосноос хойш анхныхаа тэмцээнд оролцлоо. Л.Сосорбарам Их дуулга ангиллын тэмцээнд 4 удаа үзүүрлэж, мөн гурван удаа хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.