Филиппиний Манила хотод Зүүн Азийн тэшүүрийн “Sea open trophy” цуврал цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад Монголын тэшүүрчид 10 орны 90 тамирчинтай өрсөлдөв. Эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Гэрэлтуяа 1500 метрийн зайн уралдаанд мөнгө, (финалын 21), 500 метрийнхэд алтан медаль, (финалын 34 оноо) авав.
Түүнчлэн 1000 метрийн зайд финалын таван оноо авч, холимог багийн 2000 метрийн буухиа уралдаанд түрүүллээ. Эрэгтэйчүүдээс Э.Мөнх-Эрдэнэ 1500, 500, 1000 метрийнхэд тус бүр тэргүүлж, финалын 34 оноо авсан. Залуучуудын А ангилалд оролцсон тамирчдаас М.Борхүү 1500, 500, 1000 метрийн зайн уралдаанд мөн тус бүр удаалж, финалын найм, 13 оноо авч тэмцээнээ өндөрлүүлсэн. Залуучуудын В ангилалд хурд сорьсон Т.Тэмүүлэн 1500 метрийнхэд хүрэл медаль, (финалын 13), 500, 1000 метрийнхэд мөнгөн медаль хүртсэнээр финалын 21 оноотой болжээ. Манайхан холимог багийн 2000 метрийн зайн уралдаанд тэргүүн байрт шалгарсан байна.
Ташрамд дуулгахад, ОХУ-ын Буриад улсын Уран гулгалтын холбооны ерөнхийлөгч Грач Анна Игоревна болон уран гулгалтын ахлах дасгалжуулагч Сотникова Евгения Юьевна нар Монголд айлчлахдаа Монголын тэшүүрийн холбооны үйл ажиллагаатай танилцан, сургалт зохион байгуулж, хамтарсан бэлтгэл хийхээр тохиролцжээ.