Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Судалгаа шинжилгээний албанаас төрийн байгууллагуудын, авлигад өртөж болзошгүй ажлын байрны, улс төр, хууль хяналтын байгууллагын болон хүүхдийн шударга байдлын судалгааны ажлыг эхлүүлснээ өчигдөр мэдээллээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шударга байдлын түвшин, түүний дотор ёс зүй, суртахуун, төлөвшил, хууль сахих болон авлигыг үл тэвчих чадвар, хандлага ямар байгааг уг судалгаагаар тодорхойлдог аж. Энэ нь хүүхдийг ирээдүйд шударга иргэн болгон төлөвшүүлэх зорилготой хэрэгжүүлбэл зохих урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын нэг гэдгийг АТГ-ынхан хэлсэн.
Хүүхдийн шударга байдлын судалгааг цахимаар “Surveymonkey” программ ашиглан зохион байгуулдаг аж. Ингэхдээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 10-12 дугаар ангийн сурагчид болон эцэг, эхчүүд, багш нараас санамсаргүй түүврээр сонгодог гэнэ. Судалгааны ажилд 1-2 сар зарцуулдаг бөгөөд дүнг нэгтгэсний дараа АТГ-ын цахим хуудсанд нээлттэй байршуулах юм.