БНХАУ-ын Вэнжоу хотод зохион байгуулсан жүдо бөхийн залуучуудын Зүүн Азийн АШТ-д дасгалжуулагч Ч.Болдбаатарын удирдлагад Монголын үндэсний шигшээ багийнхан хүч сорьсон. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин, ОУХМ Б.Сүхбат тэмцээний салхи хагалж, түрүүллээ. Түүний амжилтыг үргэлжлүүлж, дараа өдөр нь 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д “Хангарьд” клубийнхнээс Э.Буянцагаан аваргаар шалгарав.
Тэгвэл эмэгтэйчүүдээс 70 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин С.Лхагвадулам алт, 78 кг-д Э.Энхзул хүрэл медаль хүртжээ. Гурав дахь өдрийн барилдаанд хүнд жин болох 100 кг-д зодоглосон “Боржин дэвжээ”-ний тамирчин Б.Хүдэрчулуун алтан медаль гардсан юм. Манайхан энэ удаа таван алт, нэг хүрэл медаль зүүсэн амжилтаар багаараа тэргүүн байрт жагссан байна.