Урианхай сурын холбоо 1992 оноос эхлэн УАШТ-ийг жил бүр зохион байгуулж, 2013 он хүртэл түрүүлсэн харваачдад урианхай сурын улсын мэргэн цол олгосон. Улаанбаатар хотод гурван өдөр болсон УАШТ-д 13 багийн 150 харваач цэц сорьж, аваргуудаа шалгаруулав. Цуваа харваанд “Петровис” багийнхнаас Ж.Эрдэнэбилэг 27 оноогоор түрүүлж, спортын мастер цолны болзол хангалаа. Ахмадын харваанд спортын мастер Н.Бямбаа (“Тодхүннү” баг) тэргүүлсэн. Багийн төрөлд Б.Уянга ахлагчтай “Эрхэт гурван түрүү”, Б.Наранбаяр ахлагчтай “Батур”, Б.Мөнхтөр ахлагчтай “Мондэ” багийнхан эхний гурван байрт шалгарчээ.
Тэдэнтэй ана мана өрсөлдсөн Д.Ганбат ахлагчтай “Петровис”-ынхон IV, Б.Пүрэвсүрэн ахлагчтай “Чандмань” багийнхан V байрт жагсав. Тус тэмцээний үеэр 2013 онд УАШТ-д түрүү харваачаар тодорсон, урианхай сурын улсын мэргэн Д.Баттулгад хошой мэргэн цол нөхөн олгожээ. Мөн “Мондэ” багийн харваачдаас Ж.Батсүхийг урианхай сурын хүндэт мэргэн цолоор шагнав.