ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод зохион байгуулсан, Борис Будаевын нэрэмжит 20 хүртэлх насныхны чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Монголын 26 тамирчин дасгалжуулагч Г.Мандахнаран, Н.Баатар, Ж.Дандар, Ц.Бат-Эрдэнэ, Ө.Ууганбаяр, Г.Амархүү нарын удирдлагад оролцлоо. Эрэгтэйчүүдээс 65 кг-ын жинд “Монгол тех Мөнх” клубийн тамирчин Б.Зэнээмэдэр аваргын төлөө эзэн орны Элбекто Базаровтой хүч сорьж, мөнгөн медаль хүртсэнээр анхны шагналыг авчрав. Тус жинд өрсөлдсөн бөхчүүдээс Б.Занданбат хүрэл медаль зүүсэн юм.
Тэгвэл 86 кг-д зодоглосон “Алдар” спорт хорооныхноос Н.Батбилгүүн алт, Н.Анхбаяр хүрэл медальтай нутагтаа ирэх нь. 92 кг-д манайхаас гурван тамирчин шагналын тавцанд зогссон. Тэднээс Т.Дэмчигдорж (“Алдар” спорт хороо) Руслан Юршинтай (Эрхүү) түрүү булаалдаж удаалсан бол Н.Эрдэнэбат, Д.Дэлгэрдалай нар III байрт шалгарсан байна.