Манай хотын удирдлагууд иргэдээ албаар залхаан цээрлүүлэх гэж сургууль, цэцэрлэг, ажил ид цуглах үеэр авто замуудаа өргөтгөн, шинэчилж, шугам хоолойгоо засдаг болоод удлаа. Өдийд уг нь хотын хэмжээнд өвлийн бэлтгэл бүрэн хангагдчихсан, иргэд стресс, бухимдалгүй ажлаа тайван хийж байх учиртай. Гэтэл хаа сайгүй сэндийлсэн авто замуудаас болоод нийслэлчүүд өглөө, оройгүй гурав, дөрвөн цаг тэг зогсох нь хэвийн үзэгдэл болов.
Өчигдөр өглөө гэхэд л төв зам ачааллаа дийлэхгүйд хүрч, иргэд Яармагаас хотын төв орохын тулд дөрвөн цаг гаруй түгжирчээ. Уг нь энэ чиглэлийн авто замын засвар шинэчлэлийг өчигдөр өглөө ажил цуглахаас өмнө дуусгах хуваарьтай байсан. Гэвч амжуулж чадаагүйгээс иргэд зам дээр тэг зогсоход хүрсэн аж. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд таван байршилд буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэл, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урдаас Циркийн уулзвар хүртэлх авто зам, “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг засаж дуусгах хуваарьтай байв. Мөн Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэл, “Дөлгөөн нуур”-аас “Өлзий” төв хүртэлх авто замыг засжээ. Ингэхдээ эдгээр таван байршил дахь засварын ажил удааширч, хугацаа алдсанаас даваа гаргийн өглөө иргэд зам дээр өчнөөн цагаар түгжирсэн гэсэн үг. Энгийн үед ч тэг зогсдог замтай нийслэлд ингэж олон байршилд засварын ажил зэрэг эхлүүлэх хэрэг байсан уу.
Засварын ажил удааширсан шалтгааныг нийслэлийн Замын хөгжлийн газрынхан “Шөнөдөө цаг агаар хасах хэм хүрч, хүйтэрч буй учраас хучилтыг өдрийн цагаар, ажлын өдрүүдээр хийхээс өөр аргагүй байна” гэж тайлбарлажээ. Энэ юу гэсэн үг вэ. Хичээл, сургууль эхлээгүй байхад буюу зуны дулаахан өдрүүдэд хотын удирдлагууд юу хийж байсан юм бэ. Тэд иргэдээ санаатайгаар ингэж хохироож, зам дээр амьдруулан, ажил алба, цаг завыг нь алдагдуулах гээд байдаг юм уу.
Мөн Маршалын гүүрнээс “И-март” хүртэлх 2.2 км авто замыг өчигдөр өглөө гэнэт хаасан нь нэрмээс болж. Хоёр үе асфальтаар хучиж, энэ сарын 26-нд нээх хуваарьтай. Албаныхан бас л “Шөнөдөө хасах хэм “заасан” гээд энэ чиглэлийн авто замыг хугацаанд нь ашиглалтад оруулахгүй байх магадлал өндөр. Цаашид ч төлөвлөгөөний дагуу хэд хэдэн байршилд авто зам өргөтгөж, шинэчилнэ гэж байгаа. Намар цас орж хүйтэрдгийг, шөнөдөө хөрсөнд хасах хэм хүрдгийг мэддэггүй хотын удирдлагатай бид хэзээ амар тайван амьдрах вэ.