АН-ын сайд нар Засгийн газарт хяналт тавих бус, “хяналтад” нь орчихов уу Ардчилсан намынхан сонгуульд ялсан намын даргаас урилга хүлээн аваад, шат шатны байгууллагаараа хонон өнжин хэлэлцэж Засгийн газарт хамтарч ажиллахаар болсон. АН-д саналаа өгсөн сонгогчид харамсан гасалж байсан боловч улс орны эрх ашгийн төлөө Засгийн газарт хамтарч ажиллах нь гэж найдаж байв. Гэтэл өдгөө иргэд, сонгогчид УИХ, Засгийн газарт сөрөг хүчингүй болж, төрийн бүх шатны байгууллагад хяналт суларч, ажил урагшлахаа болилоо гэдгийг хатуу шүүмжилж байна. Яагаад уригдсан сайд нар шиг ажиллахгүй байгаа юм бэ. Та нар гуйж орж ирээд хаяа хатавчинд хоргодож буй цагаач нар биш шүү. Улс төрийн том намын хувьд улс орны язгуур эрх ашгийн үүднээс томоохон шийдвэрийг хамтдаа гаргахаар уригдсан учраас намын хамт олноосоо зөвшөөрөл авахдаа амлаж байсан бүхнээ санаж, хэрэгжүүлэх учиртай. Эрх баригч намынхан ч үүнд буруутай. Засгийн газраа байгуулахдаа ард түмний хийсэн сонголтыг хүндэтгээгүй. Үүнээс нь үүдээд Үндсэн хуульд “цөөнх” гэж заасан сөрөг хүчин сайн дураараа “олонхын нэг хэсэг” болсон. Тэднийг зөвтгөх ганцхан шалтгаан нь мега төсөл гэгч байв. Ерөнхий сайд асан С.Баярын “үүсгэж хөгжүүлсэн” стандарт бус Засгийн газрын нүүрийг “Оюутолгой” төсөл “тахалдаг”. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын амлаж буй 14 мега төсөл гэх аялгуут дууны чинь яг аль ноот нь гоцлох юм бэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Сайд нарын хувьд өөр өөртөө “ногдсон” романтик төсөлдөө итгэл төгс байгаа харц алга, характер ч алга. Хийх гэж байгаа сайд төсөлдөө итгэхгүй байхад үр шимийг нь үзэхээр хүлээж буй иргэд тэдэнд яаж итгэх юм бэ.
Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж байгуулсан нялуун эвслийнх нь үр дүнгээс нийтээрээ хожих тэр арга замыг хайгаад олохгүй бухимдаад байна. Яагаад ийм байдалд хүрэв гэдгийн учрыг “Та нар дангаараа барахгүй ээ” гэж Ванга шиг шивнэж, шившиж байсан “ах нараасаа” бүү асуу. Гүйцэтгэх засаглалын ажлаа явуулахад чинь тулгарч буй саад бүхэн Ерөнхий сайд таны сонголт. АН Засгийн газарт орохоосоо өмнө амлаж байсан зүйлээсээ юу ч хийж чадахгүй юм байна гэсэн итгэлийн “хөрөлт” мэдрэгдээд удаж байна. Үүнд гурван сарын хугацаа хангалттай. Ардын нам доторх “Сайд болоогүйн гомдогсод, Ардчилсан нам доторх “Сайд болсон гомдогсод” нийлээд эсэргүүцэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “хөзрөөр барьсан байшин” үлээхэд хийсэхээр байна. Өдгөө “үсэрч дүүлж” хөгжиж буй Киргиз, Узбекистан улсын жишээнээс харахад тэдэнд манайх шиг ардчилал алга. Улс орны асуудлыг цомхон хүрээнд ганц хоёрхон хүн шийддэг. Бусад нь тэдний өөдөөс дуугарахгүй. Гэхдээ хөгжлөөр манайхаас илүү гэх олон үзүүлэлтийг нүдээр үзлээ. Харин манайд “Ардчилал” л байна. Хөгжил чамлалттай. Асуудлыг шийдэхдээ 126 гишүүнтэй парламентаараа, гурван намын төлөөлөлтэй Засгийн газраараа хэлэлцэн шийддэг гэх боловч мөн л нэгэн дуугаар зөвшөөрч алх тасхийгээд л боллоо. Яасан бэ, нөгөө “20 минутын хот”-ын сайд аа, ХЗДХ-ийн сайд аа? Түгжрэлээ шийдчихсэн үү? “20 минутын хот”-ын сайдтай болсноор нийслэлчүүдийн амьдралд юу өөрчлөгдөв? Цагдаа нарын хэлмэгдүүлэлт эцэслэчихсэн үү? “Цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчиндсэн” гэх хэрэгт холбогдож нийгэмд дуулиан тариад олон нийтийг жигшүүлж ялласан. Шүүх хурлаар дөрөв биш нэг цагдаа буруудаж 12 жилийн ял авсан, гэтэл саяхан давж заалдах шатны шүүх хурлаар ялыг зургаан жил болгон бууруулжээ.
Юу болоод өнгөрөв гэдгийг шивнэж ярилцаад л дуусгах уу? Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын нуруун дээр 14 мега төслийн гол ачаа ногдсон ч хэлмэгдсэн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах нь гэсэн их хүлээлт МАН-ынхны ярьдаг “төр, хувийн хэвшлийнхний түншлэл” гэгч хуулийн, жижүүрийн үг хэвээр хадгалагдаад байгаа нь чамлалттай байна. Жишээ нь, Газрын тосны үйлдвэрийн нөхцөл байдлыг хамтдаа үзэж явахдаа “Энэ төсөл бүтэхгүй” гэдгийг сонгогчдод хэлчихээд айлаас зээлсэн 1.6 тэрбум ам.долларыг яаж төлөхөө ярих зориг алга. Харин хайгуулын зөвшөөрөл өгч, олборлолт хийлгээд нэг сая шахам тонн түүхий тосны хомсдлоо нөхөөд үйлдвэр ашиглалтад оруулах бололтой ярьж байна. Ингэж сонгогчдыг хуурч болохгүй. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэ яваа насандаа хараагүй сансрын хиймэл дагуулын тухай одоо судалж эхлээд өнөө, маргаашгүй ҮАБЗ-ийн хуралдаандтанилцуулах гэж тархиа гашилгаж сууна. Ийм байдлаар төсвийн мөнгө үрж төрийн ажил явуулаад, дөрвөн жилийн дараа “уйлалдаж” салаад “хонхны баяраа хийгээд” тарна гэж бодож байна уу. Тэгж дураар чинь дургиулахгүй. Тэртэй тэргүй нэгдэж нөмөрсөн “хөнжлийнхөө” арай томхон хэсгээр нь хулдчих гээд тал талаас нь татаад эхэлчихсэн байна билээ. Удахгүй “урах” биз. Тэгээд салах биз. Яагаад гэвэл анх ярьж байсан шигээ “Шинэ Зеландын жишгээр” ч бил үү, өөр хоорондоо хяналт тавих байтугай өөрсдийгөө яая гэж байна билээ. Уг нь анх нэгдэх шалтгаанаа тайлбарлахдаа мөрөөдлөө нийлүүлж гэрээгээр батлаад өөр хоорондоо хяналт тавина гэж амласан биз дээ. Сонгогчид үүнийг жишээ нь Зам, тээврийн яам байлаа гэхэд замынх нь чанарыг хэмжинэ, шалгана, тендерийн будилаан гарвал дэлгээд байх нь гэж ойлгосон. Гэтэл одоо хар даа. Хэн хэнийг хянах сөгөөтэй, сэдэлтэй, хүсэлтэй, зарчимтай байна вэ? Том зорилтоо харцгаая.
Цахилгааны үнэ чөлөөлөх, Францын компанитай хамтарч уранаа олборлох, БНСУ, Япон, АНУ-тай газрын ховор элементийн төсөлд хамтрах, цахилгаан машины батарей үйлдвэрлэх гэхчлэн “мөрөөдлүүд” цуварна. Бүгд биелж болох зорилтууд. Огт оролдоогүй ч биш, хөдөлгөөд эхэлжээ. Гэхдээ “Хамгийн том 14 сэдвээр тоглоод сэглээд өг” гээгүй юм шүү. Үндэсний зорилт болгоод заавал дуусгах үүрэгтэй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дангаараа байгуулагдсан бол “Байдаг л нэг Засгийн газар” байх байсан. Одоо ингэж “цаг алдсан”-ы дараа “Байж боломгүй Засгийн газар” гэж тэмдэглэгдэж үлдэх вий. Маш алгуур байна. Реформ хийнэ гэж хүн томилж, ТЭЗҮ гэх хэдэн хуудас цаас барьж гүйсээр байтал цагийн механизмтай бөмбөг дэлбэрэх нь гэдгийг даанч мэдэхгүй байгаа бололтой. Төгсгөлд нь АН-ын дарга Л.Гантөмөрийн Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдохын өмнө буюу 2024 оны долоодугаар сарын 8-нд хэлсэн үгийг дахин сануулъя. Тэрбээр “МАН, АН, ХҮН намаас бүрдсэн хамтарсан Засгийн газрын хамгийн чухал зүйл бол Монгол Улсыг авлигаас салгах явдал. Бид чадахгүй бол дахиад хэн нэг нь олонх болчихно, дахиад улс төр гудамжинд гарна. Иймд парламентын засаглалыг хамгаалах, авлигыг устгахын тулд хамтран ажиллана. Сөрөг хүчин гэхээр бүх зүйлийг гацаах гэсэн ойлголттой байна. Монголчууд гацаалтаас таашаал авдаг. Сөрөг хүчний имиж өөрчлөгдөж байна. Бид парламентад, Засгийн газарт ч хяналт тавина” гэж хэлсэн юм даа.
У.ОРГИЛМАА