Улаанбаатар хотод үргэлжилж буй снүүкер биллиардын 15 улааны “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээнд 20 орны 76 тамирчин ур чадвараа сорьж байна. Тус тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлагад Монголын 16 тамирчин өрсөлдлөө. Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд тив, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа шигшээ наймд Хонконгийн тамирчин И Тэн Чуныг хожиж, хагас шигшээд шалгарснаар хүрэл медалийн болзол хангав. Түүний өрсөлдөгч И Тэн Чун нь өдгөө 38 настай. 2018 онд болсон ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарч байсан нэгэн.
Манай тамирчин өнгөрсөн гуравдугаар сард болсон ДАШТ-д түүнд ялагдсан бол энэ удаа даагаа нэхэж хожлыг өөрийн талд эргүүлэв. Медалийн өнгө хувиргах тоглолтод манай тамирчин Хонконгийн тамирчин, дэлхийн долоон удаагийн аварга Онь И Нгтэй тоглосон юм. Тэрбээр тэмцээний эхний хоёр үед түүнтэй тэнцүү өрсөлдсөн ч гурав дахь үеийн тоглолтод Онь И Нг ямар ч боломж өгөлгүй 3:0-ээр яллаа. Өнөөдөр болох аваргын төлөөх тоглолтод Онь И Нг Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөнө.
Б.Нарантуяа 2022 онд снүүкер биллиардын Азийн АШТ, 2023 онд ДАШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртсэн юм. Дээрх тэмцээний дараа Азийн зургаан улааны ДАШТ тэмцээн сарын 21-25-ны өдрүүдэд болно.