Монгол Улсын Батлан хамгаалах яам (БХЯ) бол Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлдэг чиглэлийн үүрэгтэй яам. Төрийн нэгэн чухал хэсгийг бүрдүүлдэг, сүүлийн 100 гаруй жилийн түүхэнд Богд хаант Монгол Улсын Засгийн газрын бүтцэд ч байсан эл яамны эгэл жирийн албан хаагчид, генерал, офицерууд үүргээ биелүүлсээр буй. Харин хаалга өшиглөж, хаяж явсан нөхөд үе үеийн сонгуулийн дараа хэн нэгний татаас, дэмжлэгээр “тооноор орж ирэн” бужигнуулдаг явдал сүүлийн жилүүдэд олон гарах болов. Энэ нь батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний эгэл жирийн алба хаагчдын унтууцлыг төрүүлж, бухимдуулсаар байгаа юм.
Албан тушаалаа урвуулсан хэрэгт ял шийтгүүлсэн хүн сайдад зөвлөж буй нь зөв үү
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн Засгийн газрын Батлан хамгаалахын сайдаар С.Бямбацогт томилогдож, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бүрдүүлсэн өөрийн багаа дагуулан ирээд буй. Ингэхдээ эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн зөвлөхөө дагуулан очсон. Бас жолооч, хэвлэлийн төлөөлөгчөө ч аваачсан. Улмаар жолоочдоо цэргийн цол олгуулсан байдаг. Эрхэм сайдын зөвлөх нь Төрийн албаны, Авлигын эсрэг зэрэг холбогдох хуульд зааснаар төрийн улс төрийн албан тушаалтан. Төрийн албаны тухай хуулийн 11.1.10-т “Улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал” гэж заасан. “Зөвхөн өөрт нь үйлчлэх” гэж хуульд цагаан дээр хараар бичсэн байтал хэвлэлийн төлөөлөгч, зөвлөх, туслах зэрэг нь яамны эгэл жирийн албан хаагчдын ажлыг зааж, зааварлах болсон нь хуулиас дээгүүр “жаалж” байгаа хэрэг биш үү. Эрхэм сайд С.Бямбацогтын “цүнх баригч”-д хууль зөрчиж буйд, тухайн салбарыг төрлийн алба болгож нэг дов, жалганыхнаар дүүргэх гэж байгаад эгэл жирийн офицерууд дургүйцэх боллоо. Дээрх хуулийн заалтаас гадна Авлигын эсрэг хуулийн 4.1.1 дэх хэсэгт тусгасан “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д уг хуулийн зүйл заалт үйлчлэх ёстой. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ч мөн ийм байдлаар тусгасан. Тэгвэл Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын зөвлөхөөр Д.Эрдэнэбат даган очоод буй. Тэрбээр өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн нэгэн. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн өмнөх Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шүүр”-т өртөх ёстой хүн. Төрийн албаны тухай хуулийн төрийн албан тушаалд тавих нийтлэг шаардлага буюу 22.1.3-т “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэж заасан. Ийм хуультай атал С.Бямбацогт түүнийг үл ойшоосон гэхэд хилсдэхгүй.
Түүний зөвлөхөөр БХЯ-нд даган очсон Д.Эрдэнэбат төрийн албанд ажиллах ёсгүй атлаа улс төрийн албан тушаалтан гэх хэргэм дор татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суугаа. Тэрбээр ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, “Чингис хаан” нисэх буудлын программ, сүлжээний инженерээр ажиллаж байхдаа хувийнхаа “Электрон системс” компанийг үүсгэн байгуулж, түүгээрээ дамжуулан их хэмжээний мөнгө завшсан М.Батболд нарт холбогдох хэрэгт хамтдаа ял шийтгүүлсэн. Өнөөгийн “Буянт-Ухаа”, тухайн үеийн “Чингис хаан” нисэх буудалд зорчигчийн бүртгэл, хяналтын цогц систем суурилуулах тендер 2011 онд зарлаж, “Азиател” гэх компанийг шалгаруулан, тоног төхөөрөмж, программ хангамжийг нь авч ашиглаж эхэлсэн үед дээрх хүмүүс 2012 онд ижил төрлийн үйлчилгээ авах тендер зарласан байдаг. Шинээр зарласан тендерийн үнэлгээний хорооны даргаар тухайн үед ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын ерөнхий менежер Д.Эрдэнэбатыг томилсон юм. Улмаар тухайн тендерт М.Батболдын үүсгэн байгуулсан “Электрон системс” ХХК-ийг шалгаруулж, нэг тэрбум 62 сая гаруй төгрөгийг шилжүүлжээ. Улмаар уг мөнгөө Британийн Виржинийн аралд байгуулсан “Медиа саммит лимитед” гэх компанийн Хонконг дахь HSBC банк дахь данс руу шилжүүлж, “Голомт” банкны дансаар буцаан авч угаасан гэх хэрэгт холбогдсон “түүхтэй”. Тэдэнд холбогдох хэргийг 2014 оны наймдугаар сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэн шийдвэрлэж, С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарын мөнгө угаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, эд хөрөнгө завшсан, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, зургаан жил зургаан сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх тогтоол гаргаж байв. Мөн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял ч оноосон юм. Уг хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны арваннэгдүгээр сард хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн 2015 оны хоёрдугаар сарын 18-нд хэлэлцээд “С.Батмөнх, Д.Эрдэнэбат нар нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн, М.Батболд нь хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэв” хэмээсэн байдаг. Эцэст нь эл гурван шүүгдэгчийг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, торгох ял шийтгэсэн юм. Ийм намтартай хүн Батлан хамгаалахын сайдын зөвлөхөөр ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад сууж байна.
Өмнөговийн харьяат, УИХ-ын гишүүн, “Нүүрсний” гэх хэргийн нэг яллагдагч Н.Наранбаатар, саяхан бригадын генерал цол хүртсэн, ЗХЖШ-ын орлогч даргаар ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн Т.Галбадрах зэрэг хүмүүс Батлан хамгаалахын сайдтай Цэргийн сургуульд хамт сурч байсан гэдэг. Эрхэм сайд замын дундаас сургуулиа орхисон ч ангийн нөхдөө бас өөд нь татах гэж буй аж. БХЯ-нд мэргэжилтнээр ажиллаж байсан, саяхан ОХУ-ын ЗХЖШ-ын академийг дүүргээд ирсэн хурандаа Б.Эрхэмбаярыг “Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд зүтгүүлж генерал цол олгуулах гэж байна” гэсэн яриа яамных нь албан хаагчдын дунд эрчимтэй гарах болж. Үүнтэй зэрэгцээд эрхэм хурандаатай холбоотой саар, муу зүйлсийг ч үеийн нөхөд нь ярилцаж байна. Тухайлбал, ЗХЖШ-ын орлогч дарга агсан, хошууч генерал нэгний албан өрөөнд согтуу орж агсам тавьсан, Зүүнбаянд ажиллаж байхдаа элдэв хэл аманд орсон ч мултраад үлдсэн гэцгээж буй юм. Юутай ч шинэ сайдын багийнханд, тэр дундаа авлигын хэрэгт ял шийтгүүлсэн хүн ирээд буйд салбарынхан нь дургүй байна.
Цэргийн төв эмнэлэгт өгсөн зөвлөмжийг юуны учир дарагдуулав
БХЯ, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаа төрийн нууц нэрийн доор ихэд дарагддаг. Тухайлбал, Зэвсэгт хүчний хөгжлийн хэмээх үйл ажиллагаа, орлого, зарлага нь бүхнээс нууц нэг сан бий. Үүний хөрөнгийн зарцуулалтыг Засгийн газрын дэргэдэх олон сангийн үйл ажиллагааг шилэн болгоход огт хөндөлгүй өнгөрсөн. Магадгүй захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтнууд нь уг сангийн хөрөнгийг үгүй хийсэн бол хэн ч мэдэхгүй өнгөрнө гэсэн үг.
Иймэрхүү байдлаар БХЯ-ны харьяанд багтдаг байгууллагуудын хууль зөрчсөн үйл ажиллагааг засаж залруулалгүй, дарагдуулж өнгөрдөг байж болзошгүй нь. Ийн хардах болсны учир нь АТГ-аас БХЯ, түүний харьяанд багтдаг Цэргийн төв эмнэлэгт авлигын шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр өгсөн зөвлөмжийг дарагдуулан, түүний мөрөөр ямар ажил, арга хэмжээ хэрэгжүүлсэн нь тодорхойгүй өнгөрснөөс үүдэлтэй. Авлигын гэмт хэрэг гарсан, гарч болзошгүй шалтгаан нөхцөл үүссэн байсан учраас л АТГ-аас Цэргийн төв эмнэлэгт шалгалт хийсэн юм билээ. Үүнийхээ мөрөөр энэ оны зургаадугаар сарын 3-нд Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Цэргийн төв эмнэлгийн дарга тэргүүтэнд хаяглан зөвлөмж хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрын Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр, өдгөө ч албан үүргээ хэвийн гүйцэтгэж буй Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, олны нэрлэж заншсанаар Цэргийн госпиталь буюу зэвсэгт хүчний 027 дугаар ангийн дарга, хурандаа Б.Энх-Од нарт уг зөвлөмжийг өгсөн аж. Түүнд “Цэргийн төв эмнэлгийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам нь авлига гарч болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэж үзжээ. Тодруулбал, тус эмнэлэгт хийгдэх төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт, тариф нь Сангийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталснаас өндөр байж. Тодорхой хугацаанд тус эмнэлгээр үйлчлүүлсэн 263 иргэнээс авсан төлбөр нь 1000-80 000 төгрөгийн зөрүүтэй байсан гэнэ. Энэ нь Сангийн болон Эрүүл мэндийн сайдын 2022 оны хоёрдугаар сарын 28-ны 49, А/118 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлж олсон орлогыг зарцуулах үлгэрчилсэн журмын 1.2-т заасан “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь үйлчлүүлэгчид үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, жагсаалтыг энэ тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан төлбөрийн жишиг хэмжээ, жагсаалтад заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй, код, ангиллыг өөрчлөхгүйгээр өөрийн байгууллагын үйлчилгээний хүрээнд тохируулан батална” гэснийг зөрчсөн байжээ.
Түүнчлэн эл зөвлөмжид БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуягийн тушаалаар 2023 онд сонгон шалгаруулалтгүйгээр 63 хүнийг ажилд томилсныг тогтоож, шууд томилгоо хийсэн тус яам, Цэргийн төв эмнэлгийн албан тушаалтанд хариуцлага тооцох ёстойг онцолжээ. Тухайн томилогдсон албан тушаалтнууд нь мэргэжлийн индекс нь таарахгүй, төрийн албаны тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг ч албан тушаалд “тавьсан” байж. Түүгээр ч зогсохгүй, тус эмнэлгийн дарга бөгөөд ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Одыг хууль зөрчин томилсон гэжээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16.3.2-т “Эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан” хүн төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллах ёстой гэж хуульчилсан. Уг шаардлагыг хангаагүй хүнийг Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр 2021 оны долоодугаар сарын 30-нд томилсон нь хууль зөрчсөн аж. Өөрөөр хэлбэл, нутгийн хүнээ, тойрон хүрээлэгчээ Г.Сайханбаяр ажилд томилсон хэмээн яамныхан нь ярьдаг нь үнэний ортойг АТГ-ын зөвлөмж баталж буй хэрэг. Тус эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од нь ч бас 174 хүнийг сонгон шалгаруулалтгүй томилсон нь хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүйг илтгэж байна. Шаардлага хангаагүй нэгнийг тус эмнэлгийн ахлах нягтлан бодогчоор, тэтгэвэрт гарсан, мэргэжлийн бус хүмүүсийг албан тушаалд томилж цалин олгож байсан аж. Энэ мэтээр Батлан хамгаалахын өмнөх сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од нарын хууль зөрчсөн үйлдлүүдийг тодорхой дурдан хүргүүлсэн зөвлөмжийг сонгуулийн халуурал, найр, наадмын цагийг далимдуулан дарагдуулсан бололтой.
Батлан хамгаалахын шинэ сайд С.Бямбацогт өөрийн толгой дээрх бухалтай хамт өрөөлийн толгой дээрх өвсийг ч цэвэрлэх ажлыг хийж, АТГ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, эсэхийг салбарын алба хаагчид нь анхааралтай ажиглаж буй нь лавтай.