Монголын ширээний теннисний холбооны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 59 дэх удаагийн тэмцээнд 37 байгууллагын 350 гаруй тамирчин оролцлоо. Эрэгтэйчүүдээс үндэсний шигшээ багийн тамирчин Г.Сэр-Од ганцаарчилсан төрөлд аваргын төлөөх тоглолтод Ж.Мөнхзоригийг хожиж, улсын хошой аваргаар шалгарав. Энэ удаа шилдгүүдээс ОУХМ Э.Лхагвасүрэн, М.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн ангилалд үндэсний шигшээ багийнхнаас ОУХМ Б. Болор-Эрдэнэ тэргүүлсэн юм. Түүнд онооны хол зөрүүгүй ялагдсан М.Ундрам удаалж, С. Бүрэнжаргал, У. Мөнхшүр нар III байр эзэлж, шагналын тавцанд зогссон.
Багийн төрөлд өрнүүлсэн эрэгтэйчүүдийн тоглолт сонирхолтой болж, “Хөвсгөл голден прогресс” ХХК-ийн тоглогчид залуу шилдэг тамирчдаар хүч сэлбэсэн “Өсөх зоос”-ынхныг буулган авч, тэргүүн байрт шалгарсан байна. Эмэгтэйчүүдийн багаас “Топ спин” клубийнхэн аваргын цом гардсан бол “Зиникс”-ийнхэн мөнгө, “Өсөх зоос”-ынхон хүрэл цомтой тэмцээнээ өндөрлүүлэв. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол ай ди” ХХК ажиллажээ.