Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гиш үүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрв өн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төл өөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Оюунсайханы Алтангэрэл нь УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийн нэг. Өвөрхангай аймгийн төвийн нэгдүгээр сургуулийг төгсөөд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжлийг эзэмшжээ. Тэрбээр 2017 оноос Хууль сахиулахын их сургуулийг эрх зүйн магистр, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг нийтийн удирдлагын магистраар, МУИС, Дотоод хэргийн их сургуульд докторантаар зэрэг зэрэг суралцсан мэтээр парламентын албан ёсны сайтад мэдээлсэн нь сонирхолтой. Ажилласан байдал нь гэвэл МУИС төгсөнгүүтээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт дадлагажигч референт, Сүхбаатар дүүргийн шүүхэд үндсэн ажилтан, ШШГЕГ-т сургалтын офицер, Өмгөөлөгчдийн холбоонд сургалтын хорооны дарга байжээ. Энэ мэтээр голдуу “хурган дарга” хийгээд байж. 2008 оны долоодугаар сарын 1-ний эмгэнэлт явдлын дараа хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарын өмгөөлөгч өөр ажиллаж байгаад гэнэт замын дундаас ухарсныг нь ард түмэн өдийд мартчихсан л яваа. Харин 2007 оноос хойш Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүн, хуулийн фирмийн захирал зэргээр мэргэжлээрээ хувийн секторт ажиллаж байгаад Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дараа нь Шүүхийн ёс зүйн хорооны даргаар томилогдсоноор олон нийтэд танигдаж эхэлсэн байдаг. Мөн энэ үеэс улс төртэй, Ардчилсан намтай холбогдсон гэж хэлж болно. Ингэж байтал АН сонгуульд ялагдсанаар өөрийнхөө үүсгэн байгуулсан Иргэний хамгаалалт хууль зүйн туслалцаа үзүүлэх төвөө удирдаж, Ардчилсан намын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, тэр ч байтугай Өвөрхангай аймгийн АН-ын дарга, “төв” Ардчилсан намынхаа дэд даргаар ажиллах болсон нь УИХ-ын 2024 оны сонгуульд бэлтгэж эхэлснийх байжээ.
Тэрбээр анх 2020 оны сонгуулиар гурван мандаттай тойрогт өрсөлдсөн боловч ялагдсан. Энэ удаагийн сонгуульд харьцангуй туршлагатай бөгөөд амжилттай оролцож, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдаар томилогдлоо. Түүнийг салбарын сайдаараа томилогдоход эсэргүүцэн шүүмжлэх хүн байсангүй. Харин ч бараг нийгмийн захиалга байсан мэтээр “эвтэйхэн” хүлээн авлаа. Тэр хэрээрээ үүрэг хариуцлага, итгэл найдвар хүлээлгэж байгаа нь ойлгомжтой. Эрхэм сайд ч ил тод ажиллахыг эрхэмлэж ажлын зав чөлөөгөөрөө сошиал хуудаснаа олон нийтийн дунд орж, сонирхсон асуултад хариулах, ажлаа тайлбарлах зэргээр өөр уур амьсгалаар ажиллахыг хичээж буй нь илт байна. Үеийн үед, ХЗДХ-ийн сайдаар ажиллахад нэг асуудал байсаар ирсэн. Тэр нь “Хууль зүйн сайдын ажлыг хийх үү? Дотоод яамны сайдын ажлыг хийх үү гэдэг салаа байдал. Уг нь нэг боловч яг хослуулаад тэнцвэртэй авч явсан жишээ тун ховор. Тиймдээ ч хамгийн олон удаа энэ албыг хашсан Ц.Нямдоржийг хүртэл нэгэн Ерөнхий сайд “Та Дотоод яамны сайдыг маш сайн хийж байна. Хууль зүйн яамныхаа сайдын ажлыг хэзээ хийх юм бэ” гэхчлэн шүүмжилж байсан гэдэг. Учир нь дагаж мөрдөж буй хуулиуд нь хоорондоо авцалдахгүй, Монголын хөрсөн дээр буудаггүй амаргүй байдал дэндүү урт хугацаанд үргэлжиллээ. Тиймээс дээрх нэгэн Ерөнхий сайд “Та цагдаагаа командлаад вертолёт хөлөглөөд явах дуртай сайд мөртлөө хуулийн реформ эх газрынхаар байх уу, Англи-Саксоныхыг авсан уу, хоорондоо нийцэж байгаа юм уу гэхээр хангалтгүй байна. Хослуулж чадахгүй байна уу” гэж шүүмжилсэн гэдэг. Харин одоо энэ асуултыг “будаг нь ханхалсан” шинэхэн сайд О.Алтангэрэлд тавимаар байна.
Э.БОРГИЛ