2024 оны арван нэгдүгээр сарын 5-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Энэ өрсөлдөөнд тэмцэлдэж буй АН-ын Камала Харрис, БНН-ын Дональд Трамп нарын хооронд эхний мэтгэлцээн энэ сарын 10-ны 21.00 цагт АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфид боллоо. Мэтгэлцээн ердөө 90 минут үргэлжлэв. Уг мэтгэлцээнд оролцогчид ABC news агентлагийн сурвалжлагч Дэвид Мьюир, Линсли Дэвис нарын тавьсан асуултад хариулав. Үндэсний хэмжээнд явуулсан санал асуулгын дүнгээр нэр дэвшигчдийг дэмжиж буй байдлын зөрүү төдийлөн ихгүй хэвээр байсан юм. Урьд нь ер нүүр учирч байгаагүй Харрис, Трамп хоёр биеийнхээ амар мэндийг хэрхэн эрэх бол гэдэг хүмүүсийн сонирхлыг эрхгүй татаж байлаа. Ер онц гойд юм болсонгүй, Харрис нь Трамп руу хүрч очин гараа сунгаж, тэд мэндлэлцэв.
Үгийнхээ эхэнд Харрис өөрийгөө ирээдүйтэй нэр дэвшигч гэж танилцуулаад, “Би Америкийн ард түмний хүсэл тэмүүлэл, мөрөөдөлд итгэдэг болохоор боломжит гэж нэрлэж буй Засгийн газрыг бий болгохын тухайд надад төлөвлөгөө бий” гэж хэллээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр Трамп “Үнэн хэрэгтээ улс орныг маань сүйтгэж буй инфляцаас болж манай эдийн засаг аймаар болсон” гэж хэлсэн байна. Гадаадын бараанд тавих гаалийн татварыг нэмэгдүүлэхээр Трамп төлөвлөж буйг Харрис шүүмжлээд, Америкийн гэр бүлүүдэд үзүүлэх татварын хөнгөлөлтөө танилцуулжээ. Трамп өөрийн саналыг хамгаалахдаа үнийг нэмэгдүүлэхгүй гэжээ. “Их уналтаас хойш Трамп бидэнд хамгийн өндөр ажилгүйдэл бий болгосон” гэж Харрис хэлэхдээ 2017-2021 оны үеийн байдлыг эш үндэс болгожээ. Жо Байдены засаглалын үед мөнгөний ханш буурсны төлөө Харрисыг Трамп шүүмжлэхдээ үнийн өсөлтийн түвшнийг арай хэтрүүлсэн байна. Тэрбээр тэр даруйдаа цагаачлалын асуудлыг сөхөхдөө, Мексиктэй залгаа өмнөд хилийг нь цагаачид нэвтэрч байгааг дурдахдаа нотлох баримт хэлсэнгүй. Түүний өгүүлснээр инфляц бүх түвшний хүн амд сүйрэл авчирч байгаа аж.
Үндсэн хуулиар олгогдсон үр хөндүүлэх эрхийг цуцалсан АНУ-ын Дээд шүүхийн 2002 оны шийдвэрийг хамгаалж хэлэхдээ Трамп “Үүгээрээ би бүгдэд том тус хүргэсэн, ийм шийдвэр гаргахад эр зориг шаардлагатай байсан” гэв. Үүний хариу болгож Харрис “Үүнийг хүмүүс хүссэн гэж үү” хэмээн асуугаад, “Эмнэлгийн ажилтнууд шоронд суухаасаа айж байснаас хүмүүс түргэн тусламжаас татгалзах болсон юм” гэж дурдсан байна. Энэ хориг эмэгтэйчүүд хүчиндүүлээд жирэмсэн болох тохиолдлыг ч урьдчилж хараагүй гэж тэр шүүмжилжээ.
ХАМАС бүлэглэл Израил руу довтолсон асуудлыг хөндсөн тухайд Трамп урьд нь хэлж байснаараа “Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол ийм довтолгоо болохгүй” гэсэн үгээ давтав. Украин руу Орос довтолсон тухайд ч тэрбээр мөн ийм утгатай хариулт хэлж, Оросын ч, Украины ч Ерөнхийлөгчийг сайн мэднэ гэжээ. Тэрбээр цааш нь үргэлжлүүлэхдээ “Йемен дэх хуситуудын байдал, Ойрх Дорнод дахь үйл явдлыг анзаар, энэ бүхэн болохгүй байсан. Энэ бүхнийг би даруй шийдвэрлэх байлаа. Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол Украин, Оросын хоорондын дайныг зогсооно. Ерөнхийлөгч болохоосоо өмнө ч түүнийг зогсооно” гэж хэлсэн байна. Хариуд нь Харрис үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын талаарх өрсөлдөгчийн нь байр суурь “сул, буруу” байсан гэж дурджээ. Тэрбээр “Трамп дарангуйлагчдад ээлтэй хандах байсанд эргэлзэх юм үгүй. Өөрийнх нь хэлснээр тэрбээр эхний өдрөөсөө л өөрөө дарангуйлагч болох хүсэлтэй” хэмээн хэлжээ. Украин руу Орос довтолсныг тэрбээр “гайхамшигтай агшин” гэж нэрлэснийг нь хүн бүхэн мэднэ гэж Харрис нэмж хэлжээ. Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай Трамп уулзсаныг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч мөн буруутгав. Трампыг Ерөнхийлөгчийн суудалд эргэж ирэхийг дарангуйлагчид, ганцаар захирагчид хүлээж байгаа гэж Харрис үзэж байна. Украинд болж буй дайнд нэр дэвшигчдийн хэн нь ч нааштай хандах ёсгүй гэж америкчууд үзэж буй юм.
Дэд Ерөнхийлөгч өөрийн улс төрийн бодлогыг өрсөлдөгчийнхтэйгөө харьцуулахдаа Трампын хандлагыг “өнгөрсөн рүүгээ чиглэсэн, биднийг ухраах оролдлого” хэмээн мэдэгдэв. Камала Харрис болохоор боломжид тулгуурласан эдийн засгийг бий болгох эрмэлзэлтэй бөгөөд жижиг бизнес, шинэ гэр бүл, ахмад настныг хамгаалах, хөдөлмөрч хүмүүсийн амьдралын зардлыг багасгахаар төлөвлөж буй аж. Мөн АНУ-ыг хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй болгох нь чухал гэж үздэгээ илэрхийлжээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ хоёр нам эвтэй байхыг нэг бус удаа хөндөж, прокуророор ажиллаж байхдаа харилцагч нь аль намынх болохыг ер асууж байгаагүй, гагцхүү ямар асуудал буйг нь л сонирхдог байсан. Би бүх америк хүний Ерөнхийлөгч байх бодолтой хэмээн амлажээ.
Трамп хэлсэн үгэндээ Харрисыг шүүмжлэхэд голлон анхаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны явцад амласнаа Дэд Ерөнхийлөгч байхдаа хэрэгжүүлээгүйд нь түүнийг буруутгав. Тэрбээр “Цагаан байшинд 3.5 жил болохдоо хил дээр бий болсон асуудлыг шийдвэрлэх, ажлын байр бий болгох талаар яагаад юу ч хийгээгүй юм бэ. Эх орноо бид буруу хандлагын золиос болгож болохгүй” гэж хэлжээ. Мөн зэвсэгт хүчиндээ өөрчлөлт хийхээр амлаж, АНУ-ын цагаачлалын талаарх бодлогыг буруутгав. “Манай улсын түүхэнд муу Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийн үеийг бид тууллаа” хэмээн Трамп үгээ дуусгав.
Нэмж хэлэхэд “Дөрвөн жилийн өмнөхөөсөө америкчууд илүү аятайхан амьдарч байгаа гэдэгт Та итгэдэг үү” гэсэн асуултад Харрис эхэлж хариулахдаа орон сууцны үнэ бууруулах, залуу гэр бүл, жижиг бизнест туслахаа амлав. Трамп харин энэ асуултад дөрвөн жилийн хугацаанд АН-ынхан эдийн засгийг сүйтгэж, Жо Байдены эдийн засгийн хөтөлбөрийг л Харрис хуулбарласнаас хэтрээгүй гэж хэлсэн байна. Харрисыг “марксист” гэж Трамп нэрлээд, түүний үйл ажиллагааг Стенфордын их сургуульд ажиллаж байсан эцгийнх нь ажилтай холбохыг оролдов. “Хэрэв түүнийг сонговол тэр бүгдийг өөрчилнө. Энэ бол манай эх орны төгсгөл. Эцэг нь түүнд сайн номлосон” гэж хэлжээ.
Харрис “Хэрэв Дональд Трамп Ерөнхийлөгч байсан бол Путин хэдийн Киевт ирчихсэн, Польшоос эхлэн Европыг бүхэлд нь ажиглаж байх байсан” гэж өгүүлсэн.
Калифорни мужийн ерөнхий прокурор байсан Харрис өрсөлдөгчийнхөө гэмт хэргийн өнгөрсөн түүхийг сөхөв. Энэ нь “цагаачдын өдөөж буй гэмт хэрэг”-ийг Трамп сөхсөний хариуд хэлсэн үг юм.
Өнгөрсөн сонгуульд ялагдсанаа хүлээхээс Трамп татгалзав. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолыг эзэлж авах гэсэн оролдлогод ер харамсдаггүйгээ илэрхийлжээ. “Би бараг 75
хувийн буюу Ерөнхийлөгчөөр ажилласан хэний ч авч байгаагүй саналыг авсан” гэж тэрбээр хэлэв. Түүнчлэн Капитолын ордны аюулгүй байдлыг хангаж чадаагүйд Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосийг буруутгажээ.
Израил, ХАМАС-ын асуудлаар Харрис урьд нь хэлж байсан үгээ давтаж, Израил өөрийгөө хамгаалах эрхтэйг онцолсон ч энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаа нь чухал болохыг тэмдэглэв. “Энэ дайн даруй зогсох ёстой” гэж хатагтай Харрис хэлсэн байна. Тэрбээр үгийнхээ төгсгөлд, наймдугаар сард болсон АН-ын их хурал дээр хэлсэн “Бид ухрахгүй” гэсэн үгээ давтсан байна. Түүний хэлснээр Америкийн тухайд Трампаас өөр үзэл бодолтой аж. Трамп үгийнхээ эцэст Харрис руу довтолж, түүний улс төрийн хөтөлбөр юу ч өгүүлэхгүй бөгөөд Дэд Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллахдаа юу ч хийгээгүй гэв. “Манай улс айхавтар уналтад ороод буй, биднийг дэлхий дахин шоолж байна” гэж хэлжээ.
Мэтгэлцээний энэ шатны журам ёсоор өрсөлдөгчдийн хэн нэг нь үгээ хэлж байхад нөгөөгийнх нь дуу цацруулагчийг хааж байжээ. Энэ нь Харрис, Трамп хоёрын хэн нэг нь биедээ саад хийхгүй байх боломж олгосон байна. Мэтгэлцээн болсон танхимд үзэгч, сонсогч байсангүй. Энэ мэтгэлцээн Харрисын хувьд анхных байсан бол Трамп 2016 оноос хойш ийм арга хэмжээнд долоо дахь удаагаа оролцлоо.
“New York Times-Sinena College”-ын ням гарагт хэвлүүлсэн санал асуулгын дүнгээс үзвэл нийт үндэсний түвшинд Трамп 48-47 орчим хувийн дэмжлэг хүлээж байжээ. Гэхдээ сонинд мэдээлснээр санал асуулгын хийгээд сонгуулийн дүн савладаг Висконсин, Мичиган, Пенсильвани мужид Харрис зарим санал асуулгаар тэргүүлж байжээ. Аризон, Жоржи, Невада, Умард Каролина гэсэн дөрвөн мужид оролцогчид эхний байрыг хуваалцсан байна.
Р.ЖАРГАЛАНТ