Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ удаагийн сонгуульд улс төрийн намын анхан, дунд шатны 840 байгууллага оролцохоор хүсэлтээ хүргүүлээд байгаа аж. Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь тухайн шатны сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигч нь нэр дэвшсэн тойрогтоо байнгын оршин суугчаар заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Мөн СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнийн мэдээлснээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт гэм буруутай нь хэзээ тогтоогдсоноос үл хамаарч аль ч сонгуульд нэр дэвшүүлэхгүй бөгөөд нэр дэвшигч нь банк болон бусад хуулийн этгээдэд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, барьцаа, батлан даалтын болон татварын хугацаа хэтэрсэн өргүй байх ёстой. Одоогоор тухайн шатны сонгуулийн хороо нь нам, эвслүүдээс хүлээлгэн өгсөн нэр дэвшигчдийн материалыг шалгаж байгаа бөгөөд энэ сарын 12-ны дотор бүртгэгдсэн нэр дэвшигчийн тоо, хэрэв бүртгэгдээгүй бол ямар үндэслэлээр бүртгээгүй тухайгаа нэгдсэн дүн мэдээгээ гаргах аж. Үүний дараа нөхөн болон дахин нэр дэвшүүлэх ажиллагаа явуулна.
Энэ нь тухайн нэр дэвшигч татварын болон банкны өр төлбөртэй бол энэ сарын 16-ны дотор төлж барагдуулах хугацаа олгоно. Төлж барагдуулсан баримтаа тухайн сонгуулийн хороондоо өгөх, хэрэв дээрх хугацаанд төлж барагдуулаагүй бол тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нэр дэвшүүлэх үйл явц юм. Нийт 8031 мандатын төлөө 17 000 гаруй хүн өрсөлдөх бөгөөд энэ удаагийн сонгуульд цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, үүнд хяналт тавих журмын шинэчилсэн найруулга болон холбогдох маягт, загварын төслийг батлаад байгаа аж. Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник, хэрэгслийн ажиллагааг шалгаж турших, баталгаажуулах, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж тайланг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг. Үүний дагуу иргэний шилжих хөдөлгөөнийг 2024 оны наймдугаар сарын 12-ноос зогсоосон бөгөөд аравдугаар сарын 12-ноос сэргээх юм. Одоогоор сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд бүртгүүлэх ажил үргэлжилж байна.
Бүртгэлийн ажиллагаа энэ сарын 16-нд өндөрлөнө. Мөн сонгогчдын хувьд нэрийн жагсаалтад бүртгэлтэй, эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгаж, хэрэв гомдол гаргах бол тухайн хэсгийн хороо нь энэ сарын 27-ныг хүртэл сонгогчдын гомдлыг хүлээн авахаар заасан байдаг. Сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг ирэх сарын 8-ны дотор хийж дуусгасан байхаар хуульд заасан. Үүнд Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргаж, сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө нэрийн жагсаалтад оруулах ёстой аж.