Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байсан гэдэг. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13 хувийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,000 нь лам нар аж.