Монголд эрчимтэй хөгжүүлж буй, олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан спорт авиралтаар сонирхож хичээллэгсдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа. Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь “Олимп” спорт авиралтын төвд зуны сургалтыг дасгалжуулагч Х.Нямдоо, О.Сайханжаргал нар удирдан явуулдаг. Уг сургалтад өсвөр үе, залуучуудын ангилалд хамрагдаж, бэлтгэл базаадаг тамирчдын нэг нь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч, 11б ангийн сурагч, “Сутайн бор” клубийн тамирчин А.Зоригтбаатар. Спорт авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээний гурван төрөлд улсын хошой аваргаар тодорсон тэрбээр мөсөнд авиралтаар ч хичээллэдэг. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон УАШТ-д түрүүлснээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-д өрсөлдөх эрх авч Франц улсыг зорьсон. Олон жил бодсон зорилгоо биелүүлэн, Шампань хотоос хүрэл медальтай эх орондоо ирж, спорт сонирхогчдыг баярлуулсан түүнийг зочноор урилаа.
-Яагаад спорт авиралтаар хичээллэхээр шийдсэнээ сонирхуулж яриач?
-Миний дуртай зүйлээс спорт авиралт хамгийн сонирхолтой нь. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж хичээллэсэн. Бэлтгэл хийгээд сарын дараа хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Үеийнхэнтэйгээ анх удаа өрсөлдсөн болохоор догдолж, их сандарсан. Дасгалжуулагч О.Сайханжаргал багш “Энэ удаагийн тэмцээнд эмээхгүй зоригтой оролцож, туршлага хуримтлуулаад үз. Чамд хойшид хэрэг болно” гэж зөвлөсөн. Би өөрийгөө амжилт гаргана гэж огт төсөөлөөгүй. Тэгтэл III байр эзэлж, хүрэл медаль хүртчихэв. Анхны шагнал маань урам өгч, амжилт гаргахад багагүй нөлөөлсөн. Тэр цагаас өөрийгөө олон тэмцээнд сорьж, медалийнхаа өнгийг хувиргасан даа.
-Гэр бүлийнхэн тань дэмжиж, тэмцээн үзэхээр ирдэг үү?
-Ээж ирж үздэг. Манайхан дэмжээд үзэж байна гэж бодохоор түшигтэй санагддаг юм. Намайг энэ спортоор хичээллэсэн цагаас тууштай дэмжиж, одоо үнэнч хөгжөөн дэмжигч минь болсон. Ээж минь уулын спорт сонирхож, 2017 оноос өнөөг хүртэл хичээллэж байна. ОХУ-д удахгүй зохион байгуулах өндөр уулын авиралтын тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж байгаа. Би хотын АШТ-л оролцсоныхоо дараахан УАШТ-д анх өрсөлдөхдөө улсын тэмцээн өөр болдог, олон клубийн шилдгүүд ана мана өрсөлддөгийг мэдэж билээ. Тэднийг хараад шаргуу хичээллэж, хурд, хүч, ур чадвараа ахиулах ёстойг ойлгосон. Тэр үед түрүүлнэ гэж өөртөө амлаж, тэмцээн өндөрлөсний маргааш нь бэлтгэлээ үргэлжлүүлж байлаа.
-О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр дасгалжуулагч шавь нартаа юу гэж зөвлөдөг бол?
-О.Сайханжаргал багш бидэнд “Энэ спорт тамирчнаас эр зориг, мэдрэмж, ур чадвар их шаарддаг. Та нар бэлтгэл, тэмцээний үед хөл, гараа зэрэг ажиллуулах хэрэгтэй” гэдэг юм. Харин Ч.Мандахбаяр багш “Баруун гар зүүн хөл, зүүн гар баруун хөл” гэж зөвлөдөг. “Сутайн бор” клубийнхэн олон улсын стандартад нийсэн спорт авиралтын хананд бэлтгэл хийдэг тул улсын тэмцээнд хүчтэй өрсөлдөгч болдог. Тамирчидтай хамт зуны сургалтад хамтрагдаж, бэлтгэл хийхэд өөрт хэрэгтэй олон зүйл сурдаг юм.
-Ангийнхаа нөхдийг энэ спортод уриалдаг биз дээ?
-Одоогоор спорт болон мөсөнд авиралтаар ангийнхаа нөхдөөс ганцаараа хичээллэдэг. Манай сургуулийн сурагчид сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейбол сонирхдог. Намайг Францад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхэд анги удирдсан багш, хамт олон минь баяр хүргэж, урам хайрласан шүү. Би ирэх жил 12 дугаар ангид сурна. Миний хувьд мэргэжлээ сонгож суралцах хариуцлагатай жил болох байх. Багаасаа механик зохион бүтээгч болохыг хүссэн. Энэ чиглэлээр суралцах болов уу. Зорьж буй гол тэмцээн бол АНУ-д 2028 онд болох олимпын наадмын спорт авиралтын тэмцээнд оролцох. Спорт авиралтыг олимпын наадмын тэмцээнийтөрөлд багтаасан нь олон орны тамирчдад амжилт гаргах боломж олгож, хүсэл мөрөөдлийг нь бадраасан гэж боддог.
-Ээжтэйгээ хамт уулын спорт, гүйлтээр хичээллэдэг гэж сонслоо.
-2017 оноос ээжийгээ дагаж, Цэцээ гүн уул руу сонирхож авирдаг болсон. Авиралтын гүйлтийн тэмцээнд үеийнхэнтэйгээ хоёр ч удаа оролцохдоо чамгүй туршлага хуримтлуулсан гэж боддог. Уулын спортынхны дунд “Дурсамж” марафон болоход ээжтэйгээ хэдэн удаа оролцсон.
-Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд өмнөд хөршид спорт авиралтын олон улсын тэмцээн болоход та ч бас оролцохоор явсан байна билээ.
-БНХАУ-ын Гүйжоу мужийн Гүйян хотод болсон дээрх тэмцээний 16, 18, 20 хүртэлх насныхны ангилалд хурд, техник, боулдеринг төрөлд дасгалжуулагч Т.Очтөмөр багшийн удирдлагад Монголын есөн тамирчин 50 орны 700 гаруй оролцогчтой өрсөлдсөн. Бид тус тэмцээнд оролцохын тулд зун амралгүйгээр“Дүнжингарав” худалдааны төвийн урд байрладаг“National Park” хотхонд босгосон спортын авиралтын 10 метрийн өндөртэй хананд бэлтгэл хийсэн. Тэр дундаа техникийн бэлтгэлийг түлхүү базаалаа. Тэмцээний үед гадаадын тамирчдыг хараад манайхан техникээ гүйцэд сурвал дутахааргүй санагдсан. Харин хурдны төрөлд бол тэсрэлт, хурд дутсан тал бий. Японы тамирчид техник, боулдеринг, Индонез, БНСУ-ын оролцогчид хурдны төрөлд шилдгээ батлан харууллаа. Хятадын баг тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөж, эхний гурван байрт шалгарснаар хурд, техникийн төрөлд мэргэжлийн тамирчид бэлтгэснээ мэдрүүлсэн. Би хилийн дээс дөрөв дэх удаагаа алхаж байна. Сингапурт 2022 онд болсон спорт авиралтын Азийн АШТ-д анх оролцож, олон улсын тэмцээнийхээ гарааг эхлүүлж байлаа. Түүнээс хойш спорт болонмөсөнд авиралтын ДАШТ-ий аль алинд нь ур чадвараа сорьсон.
-Мөсөн давиралтын шигшээ багийн эрэгтэйчүүдээс хамгийн залуу нь та байх аа?
-Тийм ээ. Цэцэрлэгт хүрээлэнд мөсөнд авиралтын хана босгох үед сурагчдын өвлийн амралт болж таардаг. Тиймээс бэлтгэлдээ анхааралд хандуулж, шаргуу хийснээр энэ жил УАШТ-ий өсвөр үеийнхний ангилалд түрүүлж, олон сар бодсон зорилгоо биелүүлсэн. Би өмнө нь түрүүлэхийг хүсдэг ч медалиас атгаад л алддаг байлаа. Залуучуудын ангилалд хамгийн хүчтэй өрсөлдөгч бол мөсөнд авиралтын дэлхийн аварга Б.Мөнхбаатар ах. Тэрбээр өнгөрсөн хаварXII анги төгссөн. Миний хувьд хурдны төрөлд өрсөлддөг тамирчдын ур чадвар, туршлагыг сонирхож их хардаг. Индонезийн өсвөр үе, залуучуудын ангилалд оролцдог тамирчид нь насанд хүрэгчдийн шигшээ багийнхаа хэмжээнд дөхөж очсон байна билээ. Тэднээс тэргүүлсэн тамирчных нь амжилт гаргасан цаг нь таван секунд нэг доль, Хятадынх таван секунд найман доль байх жишээтэй. Монголд спорт авиралтын 10 метр ханыг хоёр хуваасан. Сая болсон олон улсын тэмцээний стандарт хананд бид авирахад талд нь хүрээд л түүнээс дээших зайд хурд саарч байгаа нь мэдрэгдсэн.
-Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж ДАШТ-д оролцохоор болсноо сонсоод их догдлов уу?
-Тус тэмцээнд сүүлийн авиралтаа хийхдээ сандарч, цагтаа амжихгүй байх вий гэж эмээсэн. Тиймээс өөрт байгаа бүхнээ шавхан гаргасан. Алдаагаа нөхөж хурдан авирсан ч медалийн болзол хангасан гэдэгтээ эргэлзэж байлаа. Зохион байгуулагчид тэмцээний дүнг танилцуултал өөртөө итгээгүй л дээ. Нэрийг минь зарлахад итгэсэн. Ээжийн минь хэлсэн үг ДАШТ-ээс медаль гардахад их нөлөөлсөн. Тэмцээн эхлэхийн өмнө ээж холбогдож “Миний хүү сандарч, эмээх хэрэггүй. Сэтгэл зүйгээ тайван байлгаарай. Монголд болдог тэмцээнд оролцдог шигээ өрсөлдөөрэй” гэв. Хүрэл медаль хүртчихээд ээждээ хамгийн түрүүнд баярт мэдээгээ дуулгаж байв. Надад ах нараас суралцсан зүйл цөөнгүй бий. Тэд тэмцээний үед алдааг минь олж хараад зөвлөдөг. Тамирчин болчхоод ОУХМ Н.Хэрлэн ахыг Азийн аварга, “Дэлхийн цом”-ын аварга болоход нь баярлаж, тууштай хөдөлмөрлөдөг хичээнгүй зангаар нь их бахархсан.
-Хүн л юм чинь халширч, шантрах зүйл гардаг байлгүй. Спортын талбараас холдох бодол хааяа төрдөг үү?
-2022 онд болсон хотын АШТ-ээс хүрэл медаль хүртсэнийхээ дараа УАШТ-д оролцсон ч финалд шалгарсангүй. Тухайн үед өөрийгөө медаль авна гэж бодсон болохоор сэтгэлээр унасан. Дараа жил нь дахиад л алтан медаль хүртэх зорилго тавьж өрсөлдлөө. Хичээсний ачаар спорт авиралтын гурван төрөлд тэргүүн байрт шалгарахдаа “Би чадлаа шүү дээ” гэж өөртөө хэлсэн. Гэхдээ миний гол зорьсон зүйл бол мөсөнд авиралтын УАШТ-д түрүүлэх байв. Тэр жилийн тэмцээнд түрүүлсэн тамирчид Финландын Оулу хотод зохион байгуулсан мөсөнд авиралтын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцсон шүү дээ. ДАШТ-д өрсөлдөх зорилго маань талаар болж, багш нартайгаа мөсөн хананд бүтэн нэг сар бэлтгэл хийчхээд УАШТ-ээс хоосон харьсандаа үнэхээр гонсойж билээ. Харин энэ жилийн мөсөнд авиралтын УАШТ-дуйгагүй бэлтгэл хийснээр түрүүлж, аварга болсондоо баярладаг. Мөсөнд авиралтын тэмцээний хурдны төрөлд өрсөлддөг тамирчдад багаж хэрэгсэл, зориулалтын гутал, малгай эхэндээ ховор байлаа. ДАШТ-д гадаадын тамирчид сүүлийн үеийн загвартай, хөнгөн, овор багатай багаж хэрэглэдэг. Манай тамирчдын ихэнх нь энэ жилээс өөрийн гэсэн багаж хэрэгсэл, гуталтай болсон.
-Ч.Мандахбаяр амжилтынхаа чансаагаар дэлхийд тэргүүлж байгаа. Шавийн хувьд түүгээр бахархах зүйл олон байдаг биз?
-Бий бий. Францад болсон ДАШТ-д оролцчихоод нутаг буцах гэж байхад Ч.Мандахбаяр багш Швейцарын Саас Фи хотод зохион байгуулах мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохоор явах замдаа бидэнтэй таарсан юм. Гэртээ иртэл түүний өрсөлдөх тэмцээн яг эхэлж байлаа. Багшийг дээрх тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртэхийг нь хараад “Багш минь олон жил мөрөөдсөн зорилгоо биелүүллээ” гэж баярласан.
-Францад болсон ДАШТ-д түрүүлнэ гэж тооцоолоогүй Лихтенштайн улсын тамирчид тэргүүн байрт шалгарсан шүү дээ.
-Тэд ДАШТ-ий хүчтэй өрсөлдөгч болсон нь олон орны тамирчин, дасгалжуулагчдыг гайхшируулсан. Тэдний хурд, авирах техник нь үнэхээр гаргууд байлаа. Энэ улс Төв Европ, Альпын нуруунд оршдог, 30 гаруй мянган хүн амтай. Газар зүйн хувьд сүрлэг өндөр уулстай тул өвлийн спортоор хичээллэхэд хамгийн тохиромжтой санагдсан.
-Зун амрах завгүй бэлтгэл хийсэн ч Парисын олимпын спорт авиралтын төрөлд өрсөлдсөн тамирчдын тэмцээнийг сонирхож харав уу?
-Харалгүй яах вэ. Спорт авиралтын техникийн төрөлд Британийн тамирчин Тоби Робертс алт, Японы Сорато Анракү мөнгө, Австри улсын Якоб Шуберт хүрэл медаль хүртлээ. Тэмцээний үед Сорато Анракү алдаа гаргаж унаснаар мөнгөн медалийн болзол хангасан. Хурдны төрөлд дэлхийн дээд амжилт эзэмшдэг АНУ-ын 17 настай тамирчин Сэм Ватсон энэ удаа дээд амжилтыг гурван удаа шинэчиллээ. Тэрбээр өмнө нь дөрвөн секунд 79 долиор дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Тэгвэл сая дөрвөн секунд74 доль болгож, хүрэл медаль гардсан. Индонезийн тамирчин Леанордо Веддрик (4.75) түрүүлж, БНХАУ-ын Пэн Ву (4.77) дэд байрт шалгарч ур чадвараараа дэлхийн үзэгчдийг алмайруулсан.