Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд манай Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн энэ сарын 6-8-нд айлчиллаа. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн өнгөрсөн бямба гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийсэн.
Албан ёсны хэлэлцээний сэдвүүд олон нийтийн анхаарлыг ихэд татсан, хүлээлт үүсгэсэн асуудлуудыг хөндсөн юм. Ялангуяа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь хоёр улсад харилцан ашигтай стратегийн асуудал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдийг эрчимжүүлэхийг хүсэв.
Үргэлжлүүлэн хоёр талын холбогдох албаны хүмүүс шийдэл нэхсэн асуудлуудаар ярилцсан бөгөөд Хятадын тал өнгөрсөн хугацаанд тавьсан гурван хатуу болзлоо зөөллөх уур амьсгалтайгаар уулзалтыг өнгөрүүлсэн. Гэхдээ эцсийн шийдвэрийг энэ долоо хоногт дахин ярилцаж, улмаар ирэх сард тус компанийн төлөөлөлтэй нутагт нь очиж уулзаж байж гаргах төлөвтэй гэж албаны эх сурвалжууд тайлбарлав.
Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 13-ны өдөр Монгол Улсын Замын-Үүд хилийн боомтод ажиллахаар болсон бөгөөд энэ үеэр хэлэлцэх сэдэв, үр дүнгээс хамаарч ирэх аравдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлал хийх тов гарах тухай мэдээлэл ч дуулдаж байна.
БНХАУ-ын дэд даргын Монголд айлчлах тов зарлагдсаны дараахнаас “БНХАУ-ын дарга Си Зиньпин яагаад ирсэнгүй вэ” гэх асуулт олон нийтийн сүлжээнд хөндөгдөж байв. Тэгвэл зарим эх сурвалж “Харин ч хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75, Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан нэлээд томоохон асуудлыг шийдвэрлэх гэж буй учраас Монголд айлчлахын өмнө БНХАУ-ын дэд дарга, Гадаад хэргийн сайд нараа хооронд нь долоохон хоногийн зайтайгаар илгээн “айлчлуулж” байгаа хэрэг” гэсэн тайлбар өглөө. Хэлэлцэн шийдвэрлэх сэдэв нь өмнөх айлчлалуудын үеэр ярьж тохирсон ажлууд. Тиймээс энэ удаад биелэлтээ дүгнээд, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал учраас БНХАУ-ын дэд дарга болон Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн нар ярьж шийдвэрлэх нь илүү чухал байсан гэж үзсэн бололтой.
Нөгөөтээгүүр, БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэр улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бодит хамтын ажиллагааны тухай хөндсөнийг Хятадын зарим мэдээллийн хэрэгсэл онцолсон нь онцгой анхаарал татаж байна. Учир нь БНХАУ-ын дэд дарга, Гадаад хэргийн сайд, магадгүй БНХАУ-ын дарга Си Зиньпин нар ийнхүү маш богино хугацаанд манай улсад айлчилж, онцгой ач холбогдол өгөхийн цаад учир нь БРИКС, эсвэл Тайванийг өөртөө нэгтгэх асуудалтай ямар нэг сэжмээр холбоотой юм биш биз гэсэн хардлага, эргэлзээг төрүүлж буй талаар улс төр сонирхогчид, ажиглагчид олон нийтийн сүлжээнд санал солилцож байв.
Тэд үүнийг БНХАУ-ын дэд дарга Хань Жөн манай улсад хийсэн айлчлалынхаа өмнөх өдөр ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим нарын хамт оролцсон бөгөөд Эрхүү мужийн захирагч И.И.Кобзевтэй уулзсан талаар тус улсын хэвлэлд мэдээлсэнтэй холбон таамаглаж байгаа бололтой. Ямартай ч БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Замын-Үүд боомтод ажилласнаар төмөр замын холболтын төслүүдийн ажил урагшлах, үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлөх үр дүнг эрчимжүүлэхэд чухал түлхэц болох юм. Магадгүй үүний үр дүнд БНХАУ-ын дарга Си Зиньпин ирэх сард Монголд айлчилж гэмээнэ манай улс дэлхий нийтийн болон бүс нутгийнхны анхаарлын төвд хэвээр байж эдийн засгийн өнгө, хөрөнгө оруулагчдын “уур амьсгал” цаашид хэрхэн өөрчлөгдөх нь ихээхэн сонирхол татаж байна.
Ташрамд дурдахад, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг хүлээн авч уулзан, хүндэтгэлийн зоог барилаа.
Энэ үеэр Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсаны 30 жилийн ой болж буйг онцолж, эдийн засгийн хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн парк, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч болон хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх талаар ярилцжээ.
Мөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын даргын хувьд БНХАУ-ын Худалдааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна.
У.ОРГИЛМАА