Бүгд Найрамдах Малта улсад энэ сарын 8 хүртэл үргэлжлэх өсвөр үе, залуучуудын пауэрлифтингийн хэрэгсэлтэй ДАШТ-д манай тамирчид хүч сорьж байгаа. Залуучуудын ангилалд өрсөлдсөн эрэгтэй оролцогчдоос -74 кг-ын жинд Пауэрлифтингийн нэгдсэн холбоо, SBD клубийн тамирчин M.Балжинням шахалтын төрөлд 207.5 кг шахаж, алтан медаль хүртсэн. Тэрбээр суултынхад 255 кг-ыг сууж, таталтынхад 250 кг-ыг татаж, тус бүр IV байр эзлэн, нийлбэр дүнгээр 712.5 кг-ыг өргөж, мөнгөн медаль авчээ.
Түүнээс гадна Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Стронг” клубийн тамирчин И.Садам 105 кг-ын жинд суултын төрөлд 330 кг сууж, IV байр эзэлжээ. Тэрбээр шахалтынхад 217.5 кг-ыг шахаж II, таталтынхад 320 кг-ыг татаж III байрт шалгаран, нийлбэр дүнгээр 867.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль эх орондоо авчирлаа.