Перу улсын Лима хотод өнгөрсөн сарын 27-31-нд зохион байгуулсан өсвөр үеийнхний жүдо бөхийн ДАШТ-д дасгалжуулагч Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын удирдлагад Монголын 20 тамирчин оролцов. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Ж.Анударь мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр үүнээс өмнө Европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж байв. Гурав дахь өдрийн барилдаанд “Гүрү дожо” дэвжээний тамирчин Т.Ариунзаяа -57 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга болсон юм.
Тэгвэл эрэгтэйчүүдээс -55 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Бат-Энэрэл мөнгө, 50 кг-д Орхон аймгийн “Орхон иппон дожо Хангарьд” клубийн тамирчин Б.Чинхүслэн хүрэл медаль хүртжээ. Дээрх тэмцээнтэй давхцаж БНСУ-ын Мүнгёнг хотод залуучуудын Азийн АШТ болсон юм. Тус тэмцээнд хөвгүүдээс 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Жанцандорж, охидоос 48 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин, 2023 оны өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт Т.Отгонжаргал, 52 кг-д Б.Уранзаяа нар хүрэл медаль гардсан.
Хоёр дахь өдрийн тэмцээнд хөвгүүдийн 73 кг-д “Женко” клубийнхнээс О.Хүслэн дэд байрт шалгарч, охидын 63 кг-д “Монголын жүдо академи”-иас өрсөлдсөн Х.Ариунтунгалаг хүрэл медалиас атгав. Түүнчлэн 70 кг-д хүч үзсэн тамирчдаас “Хангарьд, Мон-Алтиус Цагаанбаатар” академийн Э.Буян-Өлзий тэргүүлж, Азийн аваргаар тодорлоо. Монголын баг тамирчид тивийн тэмцээнээс долоон медальтай ирэх нь.