“Парис-2024” зуны олимпын наадмын марафон гүйлтийн төрөлд оролцсон Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Г.Хишигсайхан нар АНУ-ын Нью-Йорк хотод арваннэгдүгээр сарын 3-нд зохион байгуулах 53 дахь удаагийн марафонд хурд сорино. Дасгалжуулагч О.Оюунтуяагийн удирдлагад өрсөлдөх тэд зөвхөн урилгаар оролцох шилдэг тамирчдын нэрийн жагсаалтад бичигджээ.
“Elite field”-д багтсан тамирчид гараанаас хамгийн эхэнд гарах нь. Манай хоёр тамирчин “Парис-2024” олимпын марафоны аварга, Этиофын Тамират Тола, мөнгөн медальт Бельгийн Башир Абди, Нью-Йоркийн марафонд 2022 онд түрүүлсэн Кенийн Э.Чебет, 2021 онд тэргүүн байр эзэлсэн А.Корир, 2017, 2019 онд аваргалсан Ж.Камворор нартай уралдах аж. Олимпын наадамд зургаа, ДАШТ-д 11 удаа “тоос өргөсөн” Б.Сэр-Одын хувьд дэлхийн хамгийн том марафонд оролцохоор болсон нь бас нэгэн онцлог үйл явдал юм.