Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас хувийн хэвшлийн гэрээт зарим эмнэлэгт он дуустал санхүүжилт нэмж олгохгүй гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Үүнд иргэд, эмнэлгээр үйлчлүүлэгчид ихэд бухимдаж, эрүүл мэндийн даатгалын үр ашиггүй байдлыг шүүмжилж эхлэв. ЭМДЕГ-аас эмнэлгүүдийг яагаад даатгалаар санхүүжүүлэхгүй болсон шалтгааныг лавлахад “Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэсэн хариу өгсөн. Тодруулбал, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Соёлмаа “ЭМДЕГ холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээнд тухайн эмнэлгийн үзүүлэх тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанарын шалгуур, мөн талуудын хүлээх хариуцлагыг тусгадаг.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд эмнэлгүүдтэй гэрээ байгуулахдаа тусламж, үйлчилгээний тоо хэмжээг ч тогтоосон. Гэвч гэрээнд заасан эл үүргээ биелүүлээгүй, санхүүжилтээ хэд дахин хэтрүүлсэн хувийн хэвшлийн 58 эмнэлэгт мэдэгдэл хүргүүлж, он дуустал төлбөрийн нэхэмжлэл хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн” гэлээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд ЭМДЕГ-тай гэрээ хийхдээ ийм төрлийн тусламж, үйлчилгээг тэдэн төгрөгт үзүүлнэ гэж заадаг. Үүний дагуу гэрээнийх нь үнийн дүн хэтэрсэн байгууллагууд руу мэдэгдэл хүргүүлсэн юм билээ. Түүнээс биш даатгалын санхүүжилт ямар нэгэн байдлаар зогссон зүйл огт байхгүй. Ер нь Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдал хүнд байгаа” гэв.
ЭМДЕГ-тай байгуулсан гэрээний дагуу үзүүлэх тусламж, үйлчилгээнийхээ тоо хэмжээг хэтрүүлсэн эхний 10 байгууллагын жагсаалт (2024 оны наймдугаар сарын 24-ний байдлаар)