УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө “Идэр” их сургуулийн гадаад харилцаа, оюутны хөгжил хариуцсан дэд захирал болсон Ж.Бурмаа, ТЗУГ-ын дарга асан М.Болортуяа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд уржигдар хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ. Энэ гурван албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, улсын төсөвт 14.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хотод түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг зогсоосон байхад 2016 оны долоодугаар сарын 21-нд давхардсан тоогоор 177, үүнээс З.Баянсэлэнгэтэй шууд болон шууд бус хамааралтай 25 хүний материалыг “Түрээсийн орон сууцын корпорац” ТӨҮГ-т хүргүүлэх чиглэл өгсөн, “Бэрэн групп” ХХК-д давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг энэ оны зургаадугаар сарын 4-нд хэлэлцээд торгох ял шийтгэсэн. Тодруулбал, З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хассан. Улмаар З.Баянсэлэнгийг 19.2 сая, Ж.Бурмаа, М.Болортуяа нарыг 9 792 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-иас 935 сая гаруй төгрөгийг гаргуулж, хохирогчоор тогтоогдсон Сангийн яамны дансанд олгохоор шийдвэрлэсэн аж. З.Баянсэлэнгэ Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоноос 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг З.Баянсэлэнгэ, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, шүүгдэгч Ж.Бурмаа, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нар эсэргүүцэн хүчингүй болгуулахаар, иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Л.Хатанбаатар “шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” хэмээн давж заалдах гомдол бичсэнийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхээс дээрх гурван хүнийг гэм буруутайд тооцсон, иргэний хариуцагч “Бэрэн групп”-ээс 935 сая гаруй төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Түүнчлэн шүүгдэгч нарын хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, шүүгдэгч нарт оноосон торгох ялын биелэлт хангагдтал битүүмжлэлийг хэвээр нь үлдээхээр болов. З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнө нь нэг бус удаа хэлэлцэн, хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байсан ч прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааснаар ийнхүү торгох ял шийтгэсэн юм.