УИХ-ын Нийгмийнбодлогынбайнгынхорооныхуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийлээ. Мөн энэ үеэр дээрх хуулийн төслүүдийн талаарх аудитын дүгнэлтийг ерөнхий аудитор Д.Загджав танилцуулж, эдгээр хуулийн төсөл УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэснийг дурдав. Сангийн сайд танилцуулахдаа “Төсвийн тодотголд Нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн зардалд нийт 41.9 тэрбум төгрөгийн өөрчлөлт оруулсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан бөгөөд улс орны өмнө тулгарч буй сорилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг нэг оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх, хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх томоохон төслүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавихад тодотголын зорилт чиглэсэн” гэж онцоллоо.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Их, Бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийдтуннель, төр, захиргааны нэгдсэн байр барих, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог”, “Шинэ Хархорум”, “Шинэ Зуунмод хот”, “Туулын хурдны зам” зэрэг төслийн бэлтгэл ажлыг хангах, ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг тодотголд тусгасан байна. Үүний хүрээнд гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.