Үндсэн хуульд “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна. Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” хэмээн хуульчилсан. Гэтэл манай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийнх нь албаны дарга Үндсэн хууль, Монгол төрийн бодлогын эсрэг албан бичиг бичиж хүргүүлсэн байх юм.
Олон нийтийн сүлжээнд “жиргээч Бат” гэдгээр нь зарим хүн андахгүй Ц.Бат өнгөрсөн хавар ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргаар томилогдсон. Тэрбээр Үндсэн хууль, Монгол төрийн баримталж буй бодлогын эсрэг бичиг баримт боловсруулж, ИНЕГ-ын даргын тамгыг дарж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хүргүүлсэн аж. Үүнийг дор сийрүүлэн хүргэе.
ОРОС, УКРАИНЫ АСУУДЛААР ТҮДГЭЛЗСЭН БАЙР СУУРИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН АЛБАН ТУШААЛТАН НЬ ЗӨРЧСӨН ҮҮ
Монгол Улс НҮБ-ын гишүүн, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо хэрэгжүүлэхдээ дэлхийн хамтын нийгэмлэгийн далбаан дор цэргүүдээ илгээдэг. Үүний адилаар Төрийн далбаатай агаарын хөлгийг НҮБ-ын Хүнсний хөтөлбөртэй гэрээ байгуулж ажиллуулдаг аж. Тодруулбал, Гүржийн иргэний хөрөнгө оруулалттай, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Зорт эйр” гэх компани НҮБ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хэлтсээс магадлан итгэмжлэгдэн, гэрээ байгуулж, олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааны нислэг үйлддэг агаарын ачаа тээврийн компани юм байна. Тус компани Өмнөд Судан болон Сомали улсад НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн хүнсний тусламжийн ачааг “Ми-8” агаарын хөлгөөр тээвэрлэх үйлчилгээ үзүүлж иржээ. Эл аж ахуйн нэгжийнхэн үйлчилгээгээ өргөжүүлэхээр энэ оны нэгдүгээр сард “Ми-26Т” загварын агаарын хөлөг авахаар болж, ИНЕГ-ын мэргэжилтнүүдийг ч ОХУ-д ажиллуулсан гэнэ. Улмаар холбогдох гэрээ хэлцэл, бичиг баримтаа бүрдүүлэн уг нисдэг тэргийг оруулж ирэх хугацаа нь ойртож байтал ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга Ц.Батын гарын үсэгтэй, эл агентлагийн даргын тамгатай 03/1103 дугаартай мэдээлэл хүргүүлсэн байгаа юм. Үүндээ “Оросын Холбооны Улсын Донын Ростов хотын ПАО “Роствертол” байгууллагад Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас “Ми-26Т” маягийн нисдэг тэрэгт 2024 оны нэгдүгээр сарын 11-нд олгосон 1/21В/24 дугаартай “Агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ”-г Иргэний нисэхийн тухай хуулийн есдүгээр зүйл болон Иргэний нисэхийн дүрэм 21.25, 21.43-т заасны дагуу Америкийн Нэгдсэн Улсын 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн “U.S. Treasury Sanctions” болон Европын ХХолбооноос 2024 оны хоёрдугаар сарын 23-нд гаргасан 2014/145/CFSP дугаартай хориг арга хэмжээг цуцлагдах хүртэлх хугацаагаар түр түдгэлзүүлж буйг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Хойд хөрш оронтойгоо иж бүрэн стратегийн түншлэл хэрэгжүүлдэг манай улсын хувьд ОХУ, Украины асуудлаар НҮБ-ын тогтоол, шийдвэр гаргахад удаа дараа түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс маань дээрх хоёр орны сөргөлдөөнд төвийг сахисан байр суурь баримталж буй. Тийм атал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийнх нь албаны дарга ИНЕГ-ынхаа тамгыг дараад өөрийн гарын үсэгтэй албан тоот хүргүүлсэн нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл биш гэж үү. Түүгээр ч зогсохгүй ИНЕГ-ынхаа даргын гадаад, дотоодод төлөөлөх эрхийг дур мэдэн эдэлчихсэн үйлдэл гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй нь лавтай.
МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААНААР ИНЕГ-ЫН МЭДЭГДЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга Ц.Батын уг албан бичигтэй холбоотойгоор Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга А.А.Козлов болон тус улсаас манайд суугаа ЭСЯ-наас ноот бичиг ирүүлсэн гэнэ. Түүндээ “Ц.Батын гаргасан мэдэгдэл нь эрх зүйн чадамжгүй, Монгол Улсын хууль, тогтоомжид нийцэхгүй байна. Тухайлбал, АНУ болон Европын Холбооны хориг арга хэмжээ нь зөвхөн дээрх улсуудад оршин суугч иргэдэд хамаарна гэж заасныг мэдээллийн аль ч сувгаар хэн ч олж мэдэх боломжтой. Ц.Батын гаргаж байгаа үндэслэл нь манай улсын иргэд, аж ахуйн нэгжид хамаарахгүй заалт болно. Мөн хувь хүнийхээ байр сууринаас эрх мэдлээ хэтрүүлэн ОХУ, Украины хооронд болж байгаа зэвсэгт сөргөлдөөний асуудлыг чиг баримжаа болгох байдлаар хандан цуцалж буй нь Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуультай илт зөрчилдөж байна. Монгол Улсын Иргэний нисэхийн багц дүрэм, журмыг ч Ц.Бат зөрчсөн. Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх тухай шийдвэрийг зөвхөн Монгол Улсын ИНЕГ-ын дарга гаргах эрхтэй гэж хууль, дүрэмдээ заасан байдаг. Гэтэл Ц.Батын зүгээс энэ асуудлаар ИНЕГ-ын даргатай зөвшилцөж, түүний байр суурийг тусгасан, эсэх нь тодорхойгүй, албан тушаалаа хэтрүүлсэн байж болзошгүй үйлдлийнх нь талаар ИНЕГ-т холбогдох албан бичиг хүргүүлсэн. Гэвч Ц.Батын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа ямар нэгэн хариу өгөлгүй хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн нь ойлгомжгүй байна.
Гэтэл Ц.Бат 2024 оны долоодугаар сарын 26- нд дахин албан мэдэгдэл хүргүүлж, “Газар зүйн байршлаас шалтгаалж хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгой хүндрэлтэй байгааг дурдан хоёр жилийн дотор Монгол Улсаас гарч Ази, Африкийн аль нэгэн улсыг сонгохыг зөвлөсөн нь асуудлыг бүр ойлгомжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Мөн хоёр улсын харилцаанд сөрөг асуудал үүсгэж, энэ нь Монгол Улсын Засгийн газрын албан ёсны байр суурь гэж үзэх хүртэл хэмжээнд хүргэж буй нь эрх мэдлээ хэтрүүлсэн байж ч болзошгүй байна” гэжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр энэ асуудлыг Монгол-Оросын Засгийн газрын комисст мэдэгдэж, хойд хөршийн тал шуурхай хэлэлцэн шийдвэрлэхийг манай талаас шаардах болсон юм байх. Харин хэзээ хэлэлцэн шийдвэрлэх нь Шадар сайд, дээрх комиссын Монголын талын дарга тэргүүтний ажлын цаг заваас шалтгаалах бололтой.
ТӨРИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН НЬ ЗАСГИЙН ГАЗРЫНХАА БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭН “ЖИРГЭСЭЭР” СУУХ УУ
“Жиргээч” Ц.Бат ийнхүү хойд хөрштэйгөө байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл, ОХУ, Украины талаар төвийг сахисан Монгол Улсын байр суурьт сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл гаргасан байж болзошгүй нь. Манай ГХЯ, ЗТХЯ-аар тогтохгүй Засгийн газар үнэлэлт, дүгнэлтээ өгөх биз. Магадгүй Ерөнхий сайдын хамаарал бүхий хүнээр дамжуулан ИНЕГ-т албан тушаалд томилогдсондоо эрдээд ийм болчимгүй үйлдэл гаргасан байж болзошгүй гэж салбарынхан нь шивэр авир гэлцэж буй юм.
Монгол Улсын Засгийн газраас энэ жилдээ багтан АНУ руу шууд нислэг үйлдэхээр хүчин чармайлт гаргаж байгаа. Тиймдээ ч ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Энэ намартаа багтан АНУ руу руушууд нислэг үйлдэнэ” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. Гэтэл тус яамны харьяа ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга Ц.Бат “Энэ намартаа байтугай, ирэх жил ч амжихгүй” хэмээн “жиргэсэн” байсан. Уг нь үнэхээр мэддэг, чаддаг, нисэхийн салбарт шинэчлэл хэрэгжүүлэхээр дээрх албан тушаалд томилогдсон юм бол цэрэг дайн, салбарынхаа дээд дарга нарыг компьютер, гар утасныхаа цаанаас шүүмжилж “жиргэж” суухаар Засгийн газрын бодлогоо хэрэгжүүлэхэд хэрэгтэй шийдвэр гаргуулахад анхаардаг баймаар. Ц.Бат төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд олон нийтийн сүлжээнд элдэв зүйл бичиж буй нь Төрийн албаны хууль зөрчсөн үйлдэл. Тодруулбал, эл хуулийн 39.1.13- т “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхийг хориглоно” гэж заасан. Ийм байтал твитерт Орос-Украины дайн, Үндсэн хуулиараа баталсан Монгол Улсын Төрийн далбааны өнгийг өөрчлөх зэргээр элдэв зүйл бичдэг.
Төрийн удирдах албан тушаалтны хууль зөрчсөн энэ мэт үйлдэл, эрх мэдлээ хэтрүүлэн хоёр орны харилцаанд сэв суулгаж ч болзошгүй нөхцөл байдалд хүргэснийг салбарын яам, Засгийн газар нь дуугүй л харсаар суух уу.