- Ц.Туваан сайдын амласан хугацаанд амжуулах, эсвэл өндөр ашигтай гэрээ байгуулахын аль нь чухал вэ -
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН дахин олонх болсон, тэр тусмаа АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулсан нь эдийн засгийн бодлогоо өргөжүүлэн үргэлжлүүлэх, томоохон төслүүдэд сөргөөр нөлөөлөх хэмжээний бодлогын өөрчлөлт багатай байх болов уу гэсэн таамаглалыг “Fitch ratings” зэрэг агентлаг танилцуулаад буй юм. Мөн үүнд зээлжих зэрэглэл, төсвийн алдагдал бага ч гэсэн хэмжээгээр буурч байгаа зэрэг нь эергээр нөлөөлнө хэмээжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд танилцуулах үеэрээ “Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станцын төслийг эхлүүлнэ. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай уг төсөл жилд 2500 тонн уран олборлон экспортолж, улс, орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй ам.долларын татварын орлого оруулж, мянга гаруй ажлын байр бий болгох тооцоололтой. Байгаль орчны үнэлгээ болон цахилгаан станцын хэлэлцээрийг нягт хийх учиртай. Оюутолгойн гэрээнд гаргасан алдааг бид давтах ёсгүй” гэж хэлсэн. Хэдийгээр олборлох ураны хэмжээгээ зарлаж, төсөвт орох орлогоо мөрөөдөх нь хэтэрхий өөдрөг, гэнэн сонсогдсон боловч олон улсад өгөх дохио талаас нь ойлгож болох л юм. Ерөнхий сайд дээрх асуудлаар тодорхой компанийн нэр дурдаагүй нь ч учиртай.
Харин салбарын сайд Ц.Туваан нь уг хуралдааны үеэр гишүүн Б.Пүрэвдоржийн асуултад “Францын “Орано” групптэй хийх “Зөөвч-Овоо” төслийн талаар” гэж тодорхой дурдсан учраас хариултдаа “Зөөвч-Овоо” ураны төслийн талаарЗасгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Тиймээс энэ оны аравдугаар сард багтаан хөрөнгө оруулалтын гэрээ хийж, үйл ажиллагааг эхлүүлнэ” гээд амлачихна билээ. Мөн тэрбээр “Ажлын хэсгийг саяхан шинэчлэн байгуулж, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж, миний бие дэд ахлагчаар нь ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.
“Энэ оны аравдугаар сард багтаан хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ” гэдэг бол давчуу бөгөөд том амлалт. Тэгэхээр гэрээ хийх шинэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн хэн байгаа юм бол гэдгийг сонирхлоо.
Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компанийн хөрөнгө оруулагч “Орано майнинг”-аас ирүүлсэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 26-нд 27 тоот захирамж гаргажээ. Өөрөөр хэлбэл, Ц.Туваан сайдын амласан хугацаанд Хөрөнгө оруулалтын гэрээ эдэг нь байгуулагдаад 20 гаруй хонож буй шинэ ажлын хэсгийнхэнд тун давчуу . Ингээд ажлын хэсгийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулъя. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, дэд ахлагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, гишүүдээр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг, Татварын ерөнхий газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга, Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга нар, нарийн бичгийн даргаар Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ажиллах юм байна. Өмнөх ажлын хэсэг арван сар л ажиллалаа. Ажлын хэсгүүдийн “түүх”-тэй холбоотой тэмдэглэхэд, Ерөнхий сайдын 2023 оны 91 дүгээр захирамжаар анхны ажлын хэсгийг ны тавдугаар сард байгуулсан. Дараа нь Ерөнхий сайдын 164 дүгээр захирамжаар 2023 оны аравдугаар сарын 9-нд ажлын хэсгийг шинэчлэн байгуулахад ердөө гуравхан хоног ажиллаад аравдугаар сарын 12-нд Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний протоколыг бэлэн болгосон байдаг. Ажлын хэсэг нь зургаан үндсэн чиглэлээр ажлын дэд хэсгүүд байгуулжээ. “Зөөвч-Овоо” төслийн талбайд ажлын хэсгийн төлөөлөл ажиллаад, “Орано майнинг”-тай арванхоёрдугаар сарын 1-нээс хэлэлцээ хийж эхэлсэн байдаг. Ингээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд олон улсын зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан. Сонирхуулахад, олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн 13, санхүүгийн 18 компанийн жагсаалт гарснаас Тагнуулын ерөнхий газраас Францын талтай ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй дөрвөн аж ахуйн нэгжийг тодорхойлж, хассан юм билээ. Ингээд 2023 оны есдүгээр сарын байдлаар санал хүргүүлсэн 27, хариу ирүүлсэн хуулийн тав, санхүүгийн нэг компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үнийн саналаа ирүүлсэн байдаг. Тэдгээрээс 2023 оны арваннэгдүгээр сарын 21-23-нд White&Case.CRA (River associ¬atcs) компанийг сонгон шалгаруулжээ. Дээр дурдсан протоколыг үйлдэж, гарын үсэг зуралцсан ажлын хэсгийн ахлагчаар одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ажилласан. Мөн Сангийн сайд Б.Жавхлан, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гол үүрэг гүйцэтгэсэн юм. Шинээр байгуулсан ажлын хэсэгт тэд дахин орсон нь сайн хэрэг. Тухайн үед тэд амаргүй нөхцөл, саналуудыг сөрж, “уран нүүдэл хийсэн” гэдэг. Хэрэв энэ туршлагаараа Хөрөнгө оруулалтын гэрээг хоёр тал дээрх протоколд суурилан амжилттай зөвшилцөн хийж чадвал УИХ-ын босгоор давахад төдийлөн бэрхшээл учрахгүй байх магадлалтай. Тиймээс л хамтарсан Засгийн газар байгуулсан энэ цаг үед төслийн гарааг эхлэх болов уу гэсэн найдлага төрүүлж байгаа юм.
Хоёр талын өмнө нь тохирсон протоколд дурдсанаар бол АМНАТ-ийн хувь хэмжээг 11-19 хувьд хүргэх саналаа хөрөнгө оруулагч талаар зөвшөөрүүлж, протоколд гарын үсэг зуралцаж чадсан. Гол бэрхшээл нь хөрөнгө оруулагч тал инфляцын хувь хэмжээг АМНАТ-ийн хувь хэмжээнд хамааралтай байхаар тусгах, бүр тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээгээр ам.долларын ханшийн хуваарийн дагуу 30 жилээр тогтооход инфляцыг харгалзаж үзэх ёстой хэмээн шаардаж байв.
Татвар санхүүгийн ажлын дэд хэсэг юун дээр тохироогүй вэ гэдгийг сонирхоод үзэхэд, АМНАТ-ийн хувь хэмжээг тооцоход инфляц тооцох асуудлыг хөрөнгө оруулагчид гаргаж тавьсан байгаа юм. Мөн татварын орчныг бүхэлд нь тогтворжуулахгүй. Өөрөөр хэлбэл, хуулиудыг тогтворжуулахыг хөрөнгө оруулагч тал санал болгосон. Манай ажлын хэсгийнхэн “Тодорхой хувь хэмжээ тогтвортой байж болох юм. Харин ирэх 30 жилийг урьдчилан тааж, хууль, эрх зүйн орчны шинэчлэлтийг тусгахгүйгээр одоогийн Хөрөнгө оруулалтын гэрээнд зааж өгөх боломжгүй” гэж үзжээ. Үнэндээ энэ бол Монголын Засгийн газрын Оюутолгойн гэрээнд хийсэн алдааг давтсан хэрэг болно. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн гэрээнд хийсэн алдааг давтахгүй” гэж амласан нь магадгүй энэ тал дээр буулт хийж болохгүй шүү гэсэн анхааруулга байж ч болох юм. Ямартай ч татварын хууль тогтоомжоор зохицуулсан харилцааг Хөрөнгө оруулалтын гэрээгээр давхардуулж зохицуулахгүй. Өөрөөр хэлбэл, нэг компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хуулийн дээр гарах ёсгүй гэж манай тал үзээд буй юм. Түүнчлэн эдийн засаг, хөрөнгө оруулалтын ажлын дэд хэсэг “Төслийн ашигт ажиллагаа нь хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээдийн ашигт ажиллагаанаас хамаарахгүй” гэдэг дээр манай ажлын хэсэг болон “Орано” группийн санал нэгдсэн. Тохироогүй зарчмын саналууд нь үнэхээр хүлээн зөвшөөрөх аргагүй байжээ. Үүнд “Орано” групп “Зөвхөн 10 хувьд ногдох ногдол ашгийг оруулна” гэсэн ч манай тал үүнийг “давуу эрхийн хувьцаа” хэлбэрээр байж болох юм гэж үзсэн байна. “Монгол Улсад ногдох өгөөжийг 51 хувиас дээш байхаар урьдчилан тохирсон ногдол ашгийг хуваарилна” гэдэг шаардлага тавьж байгаа юм. Мөн Монголын талын үр өгөөжид тодорхой нэр төрлийн татварыг оруулна гэсэн шаардлага тавьсан бол “Орано” группийн талаас “Монголын талын үр өгөөжид бүх төрлийн татвар, төлбөр, хураамжийг оруулна” гэж зүтгэдэг. Түүнчлэн Монголын хүртэх өгөөжийн хэмжээг анхны хөрөнгө оруулалтаас хамаарч бууруулахгүй, төсөл хэрэгжүүлэгчид олгосон 66 сая ам.долларын зээлийг “Орано”-гийн талын хөрөнгө оруулалт болгож хувиргахгүй гэдэг зарчмын саналууд дээр тохиролцоогүй байна.
Үнэндээ “Орано” группийн саналын дагуу 10 хувийн ногдол ашиг хүртэх нөхцөлд Монголын Засгийн газарт ногдох мөнгөн урсгал ба өгөөжийн хуваарилалтаас харахад жилд 17 сая ам.долларын нэмэлт ногдол ашиг, төслийн нийт хугацаанд 512 сая ам.доллар хүртэхээр байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “… байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийг дийлэнх нь ард түмэнд ногдож байх үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Мөн УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд “Үр өгөөж (татвар, ашиг гэх мэт)-ийн дийлэнх буюу 50-иас дээш хувь нь Монголын ард түмэнд ногдох, шаардлагатай бол иргэдийн саналыг харгалзан УИХ хэлэлцэн шийдвэрлэх зарчмыг хуульчлах” хэмээн заажээ. Тиймээс эдгээр хуулийн заалт, зарчмыг давж Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх хэнд ч байхгүй. Нөгөөтээгүүр, зөвхөн энэ гэрээг хийхийн тулд “Орано”-гийн талд найр тавивал одоо хэрэгжиж буй Оюутолгойн гэрээ болон цаашид бусад хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярихад үүнийг жишиг болгож харьцуулахад нь ямар хариулт хэлэх вэ? Тиймээс эхнээсээ Монгол Улсын хууль тогтоомж, эрх ашгаас өчүүхэн ч хазайхгүй байх зарчмыг тууштай баримтлах нь шинэ ажлын хэсгийн төдийгүй Ц.Туваан сайдын амласанчлан ирэх аравдугаар сард багтаан байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний гол цөм байх ёстой биз ээ.
Мөн “Төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа гурван тусгай зөвшөөрлөөс гадна ирээдүйд шинээр авах тусгай зөвшөөрлүүдийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгахгүй. Монгол Улсад ногдох давуу эрхийн хувьцаа (10 хувь)-г биржээр арилжих боломжгүй” гэдэг дээр хоёр тал тохироогүй байсан. “Байгаль орчны аливаа эрсдэлтэй холбоотой хариуцлагын асуудлыг зөвхөн төсөл хэрэгжүүлэгч бус, хөрөнгө оруулагч давхар хариуцна”, “Үйлдвэрлэлд хэрэглэсэн усыг ашигласан ус гэж үзэх ба ус бохирдуулалтыг газар доорх усны нөөцийн хэмжээгээр тооцон холбогдох төлбөрийг авна” гэсэн саналууд дээр бас тохиролцоогүй байна. Жишээ нь, энэ асуудал дээр л гэхэд хөрөнгө оруулагч талаас “Газар доорх битүү хэлхээнд дахин эргэлтэд орж, буцаж гаргасан газрын доорх усыг “ашигласан” гэж үзэхгүй” гэсэн тайлбар ирүүлсэн байж. Энэ бол хүлээн зөвшөөрөх аргагүй бөгөөд маш ноцтой, нөгөөтээгүүр, нэг компанид, хөрөнгө оруулагчид тусгайлан, бусдаас өөр зөөлөн шаардлага тавьж, олон нийтийн эрх ашгийг хохироож болохгүй билээ. Тэгэхээр маш чухал гэрээн дээр богино хугацаанд бүх талын анхаарал тавьж ажиллахыг нөхцөл байдал шаардаж буй бөгөөд УИХ-ын даргаас эхлээд энэ гэрээний үр дүн, ач холбогдлыг төрийн бүх шатанд мэдсэн, ойлгосон байх нь төслийг эрчимжүүлэх, үр ашигтай хийх зарчимд нийцэх юм.
У.Оргилмаа