- Ууттай мөнгө авчирсан хүнийг АТГ-т үргэлжлүүлэн шалгана -
Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг, Аав хайрхан уулын орчимд отоглож, Монголын үндэсний бахархалт шувуугаар 2012 онд Засгийн газраас тогтоосон шонхор олноор нь барьж буйтай холбоотой бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн бямба гарагт тархаж, иргэдийн анхааралд өртөв. Мөн иргэн Г.Солонго, Ц.Цэгмэд тэргүүтэй хүмүүс тус аймгийн Цагдаагийн газрын байранд орж “хахууль авсныг баримтжууллаа” хэмээгээд алба хаагчид руу нь давшилж байгаа үйлдэл гаргасан юм. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл олон нийтийн сүлжээнд “Өвөрхангай аймагт үүсээд байгаа нөхцөл байдал, шонхор шувуутай холбоотой хийж буй гадаадын иргэдийн хууль бус байж болзошгүй үйлдлийн талаар яаралтай арга хэмжээ авахыг холбогдох байгууллагад үүрэг болгосны дагуу зохих арга хэмжээ авч байна. Үр дүнгийн талаар цагдаагийн байгууллага ойрын хугацаанд иргэдэд мэдээлэл өгөх болно” хэмээсэн.
Эдгээр үйл явдлын талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Н.Мөнхзул болон тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр нар өчигдөр мэдээлэл хийв. Цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт сумд төвлөрч байгаатай холбогдуулан гадаадын иргэд олноороо очиж, барьж буй талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад цөөнгүй ирсэн. Тухайлбал, энэ сарын 6, 16-нд иргэн Г “Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт Саудын Арабын иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна” гэсэн бичлэг олон нийтийн сүлжээнд нийтэлсний дагуу тус аймгийн Цагдаагийн газраас шалгахад шонхор шувуу барьсан зөрчил илрээгүй. Харин тагтаа, ногтруу шувуу олноор барьсан зөрчлийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн тус аймгийн Уянга сумын Сум дундын цагдаагийн тасгийн Хайрхандулаан сумын экологийн асуудал хариуцсан байцаагч Ц “Хууль бус ан амьтан” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүл, хяналт шалгалтаар явж байх үедээ “Лексус-470” загварын автомашиныг зогсооход цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, зогсоох гэж оролдох үед мөргөж зугтсан. Тухайн тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн Замын цагдаагийн хяналт, шалгалтын постууд болон сумуудад зарлан мэдээлж, эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа. Өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт иргэн Д “Арабчууд биед нь халдсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна. Түүнчлэн энэ сарын 17-нд Өвөрхангай аймгийн Тарагт сумд байрлах “Хайрханы хишиг” амралтын газрын баруун талд хүмүүс маргалдаад Арабын иргэний унаж явсан тээврийн хэрэгсэл жалга руу орчихлоо” гэсэн мэдээлэл ирүүлснийг цагдаагийн байгууллагын төрөл мэргэжлийн албад, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг шалгаж байгаа” гэлээ.
Үндэсний бахархалт шонхор шувууг зөвшөөрөлтэй, эсэх нь тодорхойгүйгээр олноор нь барьж буй үйлдлийг цагдаагийн байгууллага нарийвчлан шалгаж эхэлснээр арабууд уржигдар оройноос эхэлж манай улсаас олноороо нутаг буцах болсон гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 03 дугаар тушаалаар энэ сарын 7-нд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар томилогдсон хурандаа Н.Мөнхзул “Олон нийтийн сүлжээнд цагдаагийн алба хаагч хахууль авсан байж болзошгүй гэх бичлэг нийтлэгдсэний дагуу шуурхай шалгалт явуулахад тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлсэн хувийн хэвшлийн байгууллагад осолдсон тээврийн хэрэгслийг эзэмшигчээс төлөх гэж байсан төлбөр болох нь тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймаг Тарагт сумын нутаг дахь “Хайрханы хишиг” амралтын газрын баруун талд араб иргэний жолоодож явсан тээврийн хэрэгсэл жалга руу орсон” гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн алба хаагч очиж шалгахад Катар Улсын иргэн С.Х “Тоёота Ландкруйзер-200” тээврийн хэрэгслийг жолоодож яваад жалга руу орж зам, тээврийн осол гаргасан байсан. Осолдсон тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн тос гоожиж, явах боломжгүй байсан тул зорчигч Д.Ж гэх хүнийг үлдээж, аймгийн төвөөс ачигч чирэгч автомашин авчруулж “Ландкруйзер-200”-г зөөвөрлүүлэн журмын хашаанд саатуулсан юм билээ. Улмаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт Катарын иргэнээс мэдүүлэг авч байх үед чирэгч машины жолооч төлбөр болох 150 000 төгрөг авахаар ирсэн. Катарын иргэн С.Х нь машиндаа үлдсэн манай улсын иргэн Д.Ж-д “Автомашинд байгаа мөнгө, хэрэгтэй эд зүйлсийг минь аваад ир” гэсний дагуу тухайн эд зүйлсийг нь Д.Ж авч, Цагдаагийн газрын байр луу ороход нь шонхор барьж байгаа гадаадын иргэдтэй холбоотой гомдол гаргаж явсан хүмүүс таарч цахим орчинд “Цагдаагийн алба хаагч авлига авсан” гэх утгатай мэдээлэл тараасан” гэв. Энэ бол цагдаагийн байгууллагаас албан ёсоор өгч буй тайлбар. Үүнийг мэдээж Авлигатай тэмцэх газар нарийвчлан шалгана. Өөрөөр хэлбэл бичлэгт гарч буй цэнхэр ууттай мөнгө, эд зүйл авч орж байгаа иргэний үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эцэслэн шийдвэрлэхээр болж буй юм билээ.
Ц.ЦЭГМЭД, Г.СОЛОНГО НАРТ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРЭГ НЭЭХ ҮҮ
Иргэн Ц.Цэгмэд, Г.Солонго нар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын байранд орж, хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэл өдүүлэв. Тухайлбал, Цагдаагийн газрын байрны дотоод орчинд зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийсэн нь Албаны нууцын тухай хууль, түүнийг дагалдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалт батлах тухай” А/346 тушаалын хавсралтын “Шүүх, цагдаагийн төв байр, гэрч хохирогчийг хамгаалах, албадан саатуулах, эрүүлжүүлэх, албад, нэгжийн байрны аюулгүй байдлын хамгаалалтын орчинд зөвшөөрөлгүй бичлэг хийх, гар утас, таблет, камер, бусад техник хэрэгслээр бичлэг хийхийг хориглох заалтыг зөрчсөн аж. Мөн ууттай мөнгөөр цагдаагийн алба хаагчийг цохиж буй нь Эрүүгийн хуулийн 23.1 дэх хэсгийн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй юм байна. Түүнчлэн хахуульд өгөх гэж байна хэмээн ярьж буй ууттай мөнгөө бусдаас булаан авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинж агуулсан байх магадлалтай гэнэ. Тиймээс Ц.Цэгмэд, Г.Солонго нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгуулж болзошгүй байгаа аж. Бидний авсан мэдээллээр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч цагдаагийн байгууллагын мөрддөг дүрэм журмаа зөрчсөн байх магадлалтай, энгэрийн камераа ажиллуулаагүй, дотогш нэвтэрч буй хүний бичиг баримтыг шалгаж, бүртгэх журмаа хэрэгжүүлээгүй учраас сахилгын арга хэмжээ авхуулж болзошгүй гэнэ.