Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 08 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 07-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буйтай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон сэжигтнийг хойшлуулшгүй баривчлах, цагдан хорихтой холбоотой асуудлаар тус аймаг дахь прокурор, цагдаагийн мөрдөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хуулийн хэрэгжилттэй танилцах явцад шөнийн цагаас бусад цагт шүүх тасралтгүй ажиллах зохицуулалтын (06.00-22.00 цаг) бэлтгэл ажлыг хангаагүй, өмгөөлөгч томилолтоор ажиллах журам баталж, алба хаагчдыг энэ талаарх мэдээллээр хангаагүй, цагдан хорих арга хэмжээнээс татгалзах үүднээс хязгаарлалт тогтоох арга хэмжээг цахим гав хэрэглэж хэрэгжүүлэх техникийн боломж хүрэлцээгүй байдалтай байна.
Улмаар Комиссын ажлын хэсэг аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны үйл ажиллагаатай танилцаж, мэдүүлэг авах өрөө, хоригдогчдын нөхцөл байдалд үзлэг хийлээ.
Цагдан хорих байранд хоригдож буй зарим хоригдогчдод эмнэлгийн яаралтай тусламж шуурхай үзүүлэх, эрүүл мэндийг хамгаалах тал дээр анхаарч ажиллах, мэдүүлэг авах өрөөний камерын хяналтыг сайжруулах, шаардлагатай техник хэрэгсэл нэмэгдүүлэх чиглэлийг холбогдох алба тушаалтанд өгч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөлөө.
-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хүний эрхийг дээдлэх, хамгаалах зарчимд суурилж буй эсэхэд үнэлгээ хийх ажлыг эхлүүлээд буй. Энэ хүрээнд тус аймгийн цагдаагийн алба хаагч, иргэдийн төлөөллөөс санал асуулга авч, мэдээлэл дүн шинжилгээ хийж, иргэд олон нийт, холбогдох албан тушаалтанд мэдээлэхээр ажиллаж байна.
Ташрамд дурдахад, энэхүү үнэлгээний хүрээнд Комиссын ажлын хэсэг болон иргэний нийгмийн төлөөлөл Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган аймагт 2024 оны 07 дугаар сард ажилласан талаар ХЭҮК-оос мэдээллээ.