Ахмадууд л сувилалд амардаг гэх ойлголт хэдийн ард хоцорчээ. Залуус алжаал, ядаргаагаа тайлж, амьдралын чанараа сайжруулахын тулд сувилалд амрах сонирхолтой болсон. Найз нөхөд, гэр бүлээрээ сувилуулах боломжтой, байгальд ойр, ая тухтай, ажилтнууд нь харилцаа хандлага сайтай, чанартай хоол ундтай, эмчилгээ, үйлчилгээтэй газар хайсан хүн цөөнгүй. Гэвч эдгээрийг нэг доор цогцлоосон, төгс гэж хэлж болохуйц сувиллын газар манай улсад хэр олон бол.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагаас сувилал юугаараа ялгаатай вэ. Эрүүл мэндийн тухай хуулийн 16.11-т“Сувилал нь чанар, нөөц нь тогтоогдсон рашаан, байгалийн бусад хүчин зүйлийн орд газрыг ашиглан сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна” хэмээн заажээ.
Үүнээс хамгийн анхаарал татаж буй нь рашаан болон байгалийн хүчин зүйлийн орд газрын ойролцоо байхаар байршлыг нь тодорхой заасан юм. Манай улсад халуун, хүйтэн рашааны орд нийт 267 байдаг аж. Үүнээс ашиглалтын нөөц, эмчилгээний ач тус нь судлагдсан нь 180 гаруй гэнэ. 2022 оны байдлаар улсын хэмжээнд 95 сувилал үйл ажиллагаа явуулж буй аж. Тэдгээрийн 44 нь Улаанбаатарт, 51 нь орон нутагт байна. Өнгөрсөн оны байдлаар магадлан итгэмжлэгдсэн 70 сувилал байгаагаас55 нь ЭМДЕГ-тай гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр сувилал нь иргэдэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг юм.
СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНД АНХААРАЛ ХАНДУУЛЪЯ
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-нд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сувиллын тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулз сан. Уулзалтаар хүний нөөц, тусламж, үйлчилгээний чанар, санхүүжилтийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчны талаар ярилцсан юм. Сэргээн засах чиглэлд илүү анхаарах ёстойг тухайн үед сайд онцолж байв. Харин одоогийн Эрүүл мэндийн сайд нь энэ асуудалд хэрхэн анхаарч, сувиллын үйл ажиллагааг сайжруулах, эсэх нь тодорхойгүй байна. Уг нь сувиллын газрууд зонхилон тохиолдож буй 10 өвчний хоёр хувийг эмчилдэг гэсэн тоон мэдээлэл бий аж. Сэргээн засах болон уламжлалт аргаар эмчилгээгээ явуулах юм. Харамсалтай нь, хүний нөөц хүрэлцээгүйн улмаас тусламж, үйлчилгээгээ бүрэн гүйцэд үзүүлж чаддаггүй гэдгээ сувиллын газрынхан хүлээн зөвшөөрдөг. Тодруулбал, сэргээн засахын тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөц дутагдалтай. Тиймээс сувиллын байгууллага нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй амралтын газар болж хувирсан талаар ч уулзалтын үеэр төлөөллүүд хөндсөн байна. Улаанбаатар хотоос холгүйхэн утаа, тоосон дундаа оршдог сувиллын газар цөөнгүй. Тэнд иргэд үнэндээ сувилуулах бус, нойр авч, хөзөр тоглох төдийгөөр л цагийг өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй. Мөн орон нутгийн сувиллуудыг зориод очиход орчин нөхцөл тааруу, ариун цэврийн байгууламж нь хэцүүхэн, хоол унд тааруухан буцаж ч болохгүй, үлдэхэд ч амаргүй үнэнтэй нүүр тулах нь бий.
ХҮЧ ТАРАМДСАНААР ХЯНАЛТ СУЛАРСАН УУ
Өнгөрсөн онд 2691 ортойгоор 70 сувилал үйл ажиллагаа явуулж, 45 829 хүн хүлээн авчээ. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 11 мянга гаруй хүн сувиллаар үйлчлүүлсэн гэх мэдээллийг ЭМЯ-наас өгсөн юм. “Сувиллууд эмчилгээ, үйлчилгээ муутай, хоол унд, ажилчдын харилцаа нь авах юмгүй байна” гэх шүүмжлэл цахим орчинд байсхийгээд л түгдэг. Сэргээн засах болон уламжлалт эмчилгээ сайтай газар амрахыг хүсдэг хүн цөөнгүй. Ингэхдээ хүүхдэдээ бариа заслын эмчилгээ хийлгэж, гэр бүлээрээ алжаалаа тайлахыг хүсдэг. Мэдээж олуулаа амрахад эдийн засгийн хувьд хүнд тул аль болох ЭМДЕГ-тай гэрээ бүхий даатгалаар үйлчилдэг сувиллыг хайж олохыг хичээдэг. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй ихэнх сувилал ЭМДЕГ-тай гэрээ байгуулжээ. Гэвч амрах хүмүүсийн уртаас урт дараалал үүссэн тулд олон хоногийн өмнөөс захиалга өгөхгүй бол хүссэн цагтаа сувилуулж чаддаггүй байна. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй хэд хэдэн сувилалтай холбогдлоо. Тухайлбал, Улаанбаатар хотод байрлах “Төгөл” сувилал энэ сарын сүүлч хүртэл амрах хүнээ бүртгэжээ. Нэг хоногийн төлбөр нь 80 мянган төгрөг. Үүнээс50 мянгыг нь иргэн өөрөө төлөх аж. “Мойлтын тохой”, “Өнө-Энх” зэрэг сувилал мөн л ачаалалтай байгаа гэнэ. Зарим сувиллын ажилтан “Хоол унд сайнгүй шүү. Өдөрт хоёр хоолтой. Гэрээсээ эргэлт авч болно” гэж шууд хэлсэн. Уг нь сувиллын хоолыг шимт тэжээл сайтай, эрүүл, чанартай хүнсээр бэлдэх ёстой. Монгол Улсад Нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал, стандарт, хоол эмчилгээний удирдамжийн дагуу болсувиллуудамрагчдадаашимтэжээлтэй хоолоор өдөрт зургаан удаа үйлчлэх ёстой аж. Гэвч сувилалд амрагчид амтгүй усан шөл уусаар залхаж, өлөн ходоодтой гэрийн бараа харах нь цөөнгүй. Жишээ нь, “Улаанбаатар” сувилалд амарсан нэгэн иргэн үйлчилгээнд нь сэтгэл дундуур үлдсэнээ учирласан. Хоолны хэмжээ нь бага учраас цаддаггүй байжээ. Эргэн тойронд нь үйлчилгээний газаргүй тул ойр зуурын зүйлээч худалдан авч чадаагүй аж. Мөн сэргээх засах эмчилгээ хийлгэх гэтэл бумба тавихаас өөр үйлчилгээ байгаагүй гэнэ.
Хөдөлгөөн, хөдөлмөр засалч , сэргээн засахын эмч, сувилагч өдрийн од шиг болсон хэмээн мэргэжилтнүүд хэлдэг . Ийм байхад сувилалд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэдэг үнэн хэрэгтээ боломжгүй зүйл болжээ .
Сувиллууд эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй, эсэхийг урьд нь мэргэжлийн хяналтын байгууллагынхан шалгаж, хяналт тавьдаг байв. Харин хоёр жилийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан. Ингэхдээ чиг үүргийг нь харьяа яам, Тамгын газруудад хүлээлгэж, ажлыг нь хуваарилсан билээ. Тухайлбал, сувиллын газруудад хяналт тавих үүргийг хэд хэдэн байгууллага хариуцаж буй аж. Эрүүл ахуйн хяналтыг ЭМЯ болон нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ынхан хариуцаж байна. Хоол хүнсний чанар, аюулгүй байдлыг нь мөн өөр газар “дааж авчээ”. НЭМГ-ынхны хэлснээр сувиллын газруудад төлөвлөгөөт шалгалтыг тогтмол хийж буй аж. Харин хоолны хордлого зэрэг гомдол, мэдээлэл ирвэл тухай бүрд нь шалгаж, арга хэмжээ авдаг гэнэ. Хэрэв гомдол, мэдээлэл өгөх бол НЭМГ, Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11 утсанд хандаж болох аж. Хэчнээн сувилалд ямар зөрчил илрүүлсэн талаарх мэдээллийг НЭМГ-аас тодруулсан ч одоогоор хариу өгөх боломжгүй гэв.
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж ЭМЯ-ныхан үзэж буй. Тодруулбал, дээр дурдсанаар тус хуулийн 16.11 буюу “Сувиллын тусламж, үйлчилгээ нь эрүүл мэндээ сайжруулах, эсвэл эрүүл байхыг хүсэж буй хүмүүст чанар нөөц нь тогтоогдсон рашаан ундарга, орд газар болон байгалийн бусад хүчин зүйлийг ашиглан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг урт болон богино хугацаагаар хэвтүүлэн үзүүлэх байгууллага байна” хэмээн өөрчлөх гэнэ. “Эрүүл мэндээ сайжруулах, эсвэл эрүүл байхыг хүсэж буй хүмүүст” хэмээн тодотгосон нь сувиллын үйл ажиллагааны зорилго, чиглэлийг илүү тодорхой болгож байна. Өвчилсөн хойноо бус, урьдчилан сэргийлэх нь нэн чухал гэдгийг бүгд мэддэг. Гэвч урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ авах, хэрхэн ажил, амралтаа зөв зохицуулах вэ гэдгээ иргэд төдийлөн мэддэггүй. Ажлаасаа хэд хоног амсхийж, тархиа амраан, бие мах бод болон сэтгэл санаагаа илаарьшуулахад сувиллын үүрэг, оролцоо их. Ингэхдээ сэргээн засах, уламжлалтын эмч, мэргэжилтнүүд, мэргэжлийн тогоочтойгоор ажиллах шаардлагатай. Гэтэл эрүүл мэндийн салбар бүхэлдээ хүний нөөцийн дутагдалд орсон тэр дундаа хөдөлгөөн, хөдөлмөр засалч, сэргээн засахын эмч, сувилагч өдрийн од шиг болсон хэмээн мэргэжилтнүүд хэлдэг. Ийм байхад сувилалд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэдэг үнэн хэрэгтээ боломжгүй зүйл болжээ.
Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас сэргээн засах, эсвэл уламжлалтын эмчилгээний тусламж үзүүлсэн тохиолдолд санхүүжилт олгодог. Энэ оны эхний гурван сарын байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангаас рашаан сувиллуудад нийт 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнээс орон нутгийн 17 сувилалд 2.6, нийслэлийн 18 сувилалд 1.9 тэрбум төгрөгийг тус тус хуваарилсан байна. Үүнээс нийслэлд иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг нь “Оргил” рашаан сувилал. Харин орон нутагт хамгийн их буюу дангаараа 630 сая төгрөгийн санхүүжилтийг “Хужирт” рашаан сувилал авчээ. Үүний дараа “Өвөржанчивлан”, “Шаргалжуут” рашаан сувилалд хүний хөл хөдөлгөөн ихтэй байдаг нь олгосон санхүүжилтийн дүнгээс харагдаж буй. Рашаан усыг анагаах чадалтай хэмээн итгэж, сүсэглэсэн олон дээрх сувиллуудад амрах гэж урт дараалал үүсгэдэг байна. Тухайлбал, Мухар хужиртын рашааныг уух болон боргионд нь цохиулахад мэдрэлийн өвчинд сайн гэж үздэг. Ялангуяа, хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүдэд тустай гэх ам дамжсан яриа газар аваад буй. Тиймээс хүмүүс хүүхдээ дагуулан Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг, Мухар хужиртын рашаан сувилал руу хошуурах болжээ. Тус газар гэрэл цахилгаангүй, хэдэн гэр, байшингаас өөр зүйлгүй ч рашаан усаа бараадагсдын хөл татардаггүй аж. Үүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, рашаан усаа хамгаалах, зорин очигсдын ая тухыг хангах шаардлага үүсээд байна. Энэ мэтээр байгалийн дахин давтагдашгүй тогтоц бүхий газруудад байрласан рашаан сувиллын үйл ажиллагааг улам сайжруулах, иргэдийг амраах төдий бус, илаарьшуулахад анхаарах цаг болжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл